“Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам” болон ипотекийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой холбогдох бусад журамд ипотекийн зээлдэгч нь амь нас, эрүүл мэндийн болон барьцаа хөрөнгийн даатгалд зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд заавал даатгуулах шаардлага тавигдсан байдаг. Гэтэл практик дээр ипотекийн зээлдэгч нар нь зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг сонгон даатгуулах, үүний улмаас нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх голлох өвчний эрсдэлүүд даатгагдахгүй байх, мөн зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд даатгалын гэрээний сунгалт хийгдэхгүйгээс даатгалын хамгаалалтгүй болох нөхцөл байдал үүсэж зээлдэгч, эсхүл гэр бүлийн гишүүдэд өндөр дүнтэй зээл төлөх санхүүгийн дарамт учрах зэрэг багагүй асуудал үүсдэг байна. Иймд үүнийг шийдвэрлэх, зохицуулалтыг олон улсын сайн жишигт нийцүүлэх зорилгоор “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-д ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой өөрчлөлтийг оруулжээ. Ингэснээр зээлдэгч нь барьцаа хөрөнгөө ердийн даатгалын компаниудад даатгуулах харин зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд зөвхөн урт хугацааны даатгагчийн санал болгож буй бүтээгдэхүүнд хамрагдахаар болж байгаа юм байна.