Зураг (Ашхабад хот, Төвийг сахилтын гудамж): Bjørn Christian Tørrissen / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Туркменистаны парламент (Мажлис) 2027 оны улсын төсвийн хуулийг 11-р сарын 25-нд санал нэгтэй баталлаа. Харин нийтэлсэн мэдээлэлд орлого, зарлагын нийт дүн байхгүй байна. Мөн ижил хуралдаанаар хэрэгжилтийг нь баталсан 2025 оны төсвийн тоо мэдээ ч алга.
Төрийн хэвлэл 2027 оны тэргүүлэх чиглэлээр боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, орон сууцны барилга, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд бүтцийн шинэчлэлийг нэрлэжээ. Түүнчлэн тээврийг шинэчлэх, экспортын болон импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувийн бизнесийг дэмжих зорилт тавьсан ч салбар, бүс нутгаар хуваарилах дүнг ил болгоогүй.
Нийтэлсэн 2026 оны төсвийн хуулиар орлого, зарлага тус бүр 131.85 тэрбум манат буюу албан ёсны ханшаар 37.67 тэрбум доллар байв. Орон нутгийн төсвийн нийт дүн 4.43 орчим тэрбум доллар. Албан ёсны ханш манатыг зах зээлийн албан бус ханшаас хавьгүй өндрөөр үнэлдэг гэж нийтлэлд дурджээ. Төвийн төсвөөс орон нутгийн төсвийг тэнцвэржүүлэхэд 965.5 орчим сая доллар олгосны тал гаруй хувь нь Дашогуз мужид, үлдсэн нь Лебап муж, Аркадаг хотод очсон байна.
ОВУС 2026 оны 6-р сарын урьдчилсан дүгнэлтдээ 2025 онд төвийн засгийн газар бага хэмжээний ашигтай байсан гэж үнэлж, зарлагыг эрүүл мэнд, боловсрол руу чиглүүлэхийг зөвлөсөн. 9-р сарын 11-нд ОУВС-ийн Гүйцэтгэх зөвлөл Туркменистан олон улсын нөөц, төлбөрийн тэнцлийн бүрэн мэдээллийг өгөөгүйгээр гишүүнчлэлийн үүргээ зөрчсөн гэж дүгнэж, зургаан сарын дотор ахицыг нь хянана гэжээ. 10-р сарын 28-нд Туркменистаны албаныхан ОУВС-ийн төлөөлөгчийн тэргүүн Анна Бордонтой хамтын ажиллагааг хэлэлцсэн.
Эх сурвалж: The Times of Central Asia (2026.11.26)
скачать dle 12.0