![]()
Зураг (МИАТ-ын Boeing 737 онгоц (архив зураг)): Kentaro IEMOTO / Wikimedia Commons, CC BY-SA 2.0
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК агаарын хөлгийн паркаа шинэчлэх ажлын хүрээнд шинэ Boeing 737-8 MAX загварын онгоцыг 2026 оны 11 дүгээр сарын 25-нд хүлээн авлаа. Энэ нь компанийн нислэгт ашиглаж буй хоёр дахь 737-8 MAX онгоц бөгөөд Монголын их хаадын нэг Өгөдэй хааны нэрийг өгчээ. Худалдан авалт нь 2024 онд АНУ-ын Boeing компанитай байгуулсан гэрээний хүрээнд хийгдэж байна.
Онгоцны бүртгэлийн дугаар EI-MGT бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 17-нд үйлдвэрээс гарсан. Бизнес ангид 12, эдийн засгийн ангид 156, нийт 168 суудалтай бөгөөд нисэх алсалт нь 6,570 километр хүрнэ. Загварт шинэ үеийн LEAP-1B хөдөлгүүр суурилуулсан. Цагт ойролцоогоор 2,100 кг түлш зарцуулдаг нь өмнөх Boeing 737NG загвартай харьцуулахад цагт 400 кг буюу 16 орчим хувиар бага юм. Түлшний зардал буурснаар нислэгийн өртөг оновчтой болж, нүүрсхүчлийн хийн ялгарал багасна гэж МИАТ тооцоолж байна.
Шинэ онгоцыг Бээжин, Сөүл, Токио, Бангкок чиглэлийн олон улсын нислэгт ашиглахаар төлөвлөжээ. Загвар сонгохдоо нислэгийн сүлжээ, алсын зай, зорчигчийн тав тух, түлшний хэмнэлт, эдийн засгийн өгөөжийг харгалзсан гэж компани мэдээлсэн. Мөн нэг үйлдвэрлэгчийн ижил төрлийн онгоцуудаас бүрдсэн парк нь техникийн үйлчилгээ, нислэгийн зохион байгуулалтад давуу талтай гэж үзжээ.
Анхаарууштай нэг зүйл бол энэ онгоцыг худалдаж аваагүй, DAE компаниас түрээсэлж ашиглах юм. Түрээсийн хэлбэр нь нислэгийн тасралтгүй, найдвартай байдлыг хангаж, паркийн хүчин чадлыг богино хугацаанд нэмэгдүүлэх боломж олгодог.
Цаашид МИАТ Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд Boeing 787-9 загварын таван онгоц авах боломжийг судалж байна. Алсын зайн нислэгт тохирсон энэ өргөн биетэй онгоцны нийлүүлэлтийн хугацаа, санхүүжилтийн талаар Boeing компанитай санал солилцож байгаа ч асуудал одоогоор судалгаа, хэлэлцүүлгийн шатандаа байна.
скачать dle 12.0