“Эрдэнэс Тавантолгой” ХК бол нүүрсний хулгайн гол обьект гэгддэг. Тиймээс, 2022 оны сүүлчээр нүүрсний хулгай босож ирэх үед Засгийн газар тус компанид анх зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоож байв. Түүнээс хойш онцгой дэглэмийг гурван ч удаа сунгасан байдаг. Тухайн үед Засгийн газраас “...Компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, ослоос сэргийлэх дүрэм журмыг нарийвчлан тогтоож, зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэх, Тавантолгой нүүрсний ордоос нүүрс ачих, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх бүхий л шатанд шаардлагатай арга хэмжээг тухай бүрд нь авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад үүрэг болголоо” гэж мэдээлж байв. Онцгой дэглэм тогтоосон шалтгаан нь гэсэн үг.Түүнээс хойш, баяр наадмын эдгээр өдрүүдэд тус компанид зарим томилгоо хийсэн байна.
Гол нь, 2024 онд шийдвэрлэсэн “...“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын менежмэнтээр удирдуулна” гэсэн нь өөрчлөгдөж буй бололтой. Олон улсын менежмэнтийн багаар удирдуулах гээд сонгон шалгаруулалт зарлаад байсан юм.
Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдээр Өмнөговь аймагт байрлах “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд очиж ажиллав. Тэр үеэрээ хэд хэдэн үүрэг даалгавар өгсний дотор “...Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулахад ялангуяа, нүүрсний арилжаанд үүссэн хүндрэлтэй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх талаарх саналаа бодитой, тооцоо судалгаатай боловсруулан 14 хоногт танилцуул” хэмээн даалгасан байна.
3 Сэтгэгдэл