![]()
Зураг (Улаанбаатарын гэр хороолол): Quintin Soloviev / Wikimedia Commons, CC BY 4.0
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хатуу түлшний чанар, зуухны аюулгүй байдлыг шалгах ажлыг эхлүүлж байна. Шахмал түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж аваад дотоодын болон олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораторид шинжлүүлэхээр болжээ.
Хатуу болон ахуйн хэрэглээний хийн түлшний борлуулалтын цэгүүдэд мөн шалгалт хийнэ. Шалгалтаар айл өрхийн угаарын хийн мэдрэгчийн ажиллагаа, зуухны бүрэн бүтэн байдал, түлшний хэрэглээ, уур болон усан халаалтын зуухны ашиглалтын байдлыг хардаг гэж мэдээлэв.
Шалгалтад 3–15 кВт хүчин чадалтай зуух ашигладаг айл өрх, 15–100 кВт болон түүнээс дээш хүчин чадалтай зуух ашигладаг аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана. Нийслэлийн хяналтын чиг үүрэгтэй агентлаг, дүүргүүдийн албан хаагчид, «Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв» ОНӨААТҮГ-ын ажилтнууд аюулгүй ажиллагааны зөвлөмж өгөх юм.
Энэ өвөл Улаанбаатарын гэр хорооллын өрхүүдэд «Эрдэнэс Тавантолгой» ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс, «Тавантолгой түлш» компанийн шахмал түлш, БНХАУ-аас худалдан авсан хагас коксон түлшийг борлуулж байна. Зорилго нь түлшний стандартыг мөрдүүлж, түлшний зохистой хэрэглээг төлөвшүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх явдал юм.
скачать dle 12.0