Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д 4 хоногийн төрийн айлчлал хийнэ: 14 жилийн дараах анхных

Берлин дэх Бельвю ордон

Зураг (Берлин дэх Бельвю ордон, ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн алба): Rainer Halama / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын урилгаар энэ сарын 19–22-ны өдрүүдэд Герман улсад төрийн айлчлал хийнэ. Монголын төрийн тэргүүн ХБНГУ-д төрийн айлчлал хийх нь 14 жилийн дараа болж байгаа юм. Энэ удаагийн айлчлал Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойтой давхцаж буй нь онцлог.

Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлснээр айлчлалын хүрээнд дараах арга хэмжээнүүд болно.

  • Хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэх асуудлаар ярилцана.
  • “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.
  • Төрийн тэргүүн нар Берлин хотноо гарах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.
  • “Монгол-Германы бизнес форум” болон “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг” зохион байгуулагдана.
  • “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” сэдэвтэй олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
  • Зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хийнэ.

Өмнө нь ХБНГУ-ын Ерөнхийлөгч Штайнмайер хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн байдаг. Одоо хийх айлчлал энэ түншлэлийг бодит хамтын ажиллагаагаар баяжуулах алхам болох юм.

Монгол Улс, Герман хоёрын харилцаа 1974 онд албан ёсоор эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш боловсрол, шинжлэх ухаан, соёл, эдийн засгийн салбарт өргөжин хөгжсөөр иржээ. Тиймээс энэ айлчлал нь тусгайлан боловсрол, шинжлэх ухаанд төвлөрч буйгаараа онцлог бөгөөд олон салбарт хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тодорхойлох боломж олгоно.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ