БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйн Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 73 жилийн ойн нийтлэл


Найрсаг хөршийн нөхөрлөлөө өвлүүлж, эрин үеийн яруу түүхийг хамтдаа бичье

—— БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйн Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 73 жилийн ойн нийтлэл

1949 оны 10 сарын 16-ны өдөр, Хятад, Монгол хоёр улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосон 73 жилийн хугацаанд, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа ямагт хоёр улсын харилцааны гол өнгө аяс болж ирсэн. Хятад, Монгол хоёр улс ямагт харилцан ойлголцох, харилцан дэмжих зарчмын дагуу найрсгаар зэрэгцэн оршиж, гар гараасаа барилцан урагшилж, хөрш орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үлгэр жишээг үзүүлээд байна. Хятад, Монголын найрсаг харилцааны 73 жилийн явцад хоёр улс үргэлж би чамтай хамт, чи надтай хамт хэмээх хувь заяаны хамтын нэгдлийг харуулсан.

73 жилийн хугацаанд, Хятад, Монголын улс төрийн харилцан итгэлцэл өдрөөс өдөрт бэхжиж ирлээ. Хятад, Монгол бол уламжлалт найрсаг хөршүүд. Монгол Улс бол Хятад улстай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон улсуудын нэг. Талууд хамгийн урт хуурай газраар хиллэдэг ба гүн гүнзгий уламжлалт найрамдалтай. Дипломат харилцаа тогтоосон 73 жилийн хугацаанд, талууд хоёр улсын уламжлалт найрсаг хамтын ажиллагааны суурь баримт бичгийн үзэл санааг ямагт мөрдөж, бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, бие биеийн дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцон, эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн оршиж, бие биеийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж ирсэн. Талуудын хамтын хичээл зүтгэлээр Хятад, Монголын харилцаа “21-р зууны урт хугацааны тогтвортой, эрүүл, харилцан итгэсэн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа”, “хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцаа”, “стратегийн түншлэлийн харилцаа”, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” гэх дөрвөн шатыг дамжин хөгжиж ирлээ. Энэ онд хоёр улсын өндөр дээд түвшний харилцан айлчлал идэвхтэй өрнөлөө. 2 сард, Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпод оролцож, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Көчян нар тус тус Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзсан. 8 болон 9 сард, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар дараалан Монгол Улсад айлчилж, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг улам бүр баяжуулсан. Саяхан, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхтэй уулзаж, Хятад, Монголын харилцааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, хоёр улсын харилцааны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон гэдгийг онцолмоор байна.

73 жилийн хугацаанд, Хятад, Монголын бодит хамтын ажиллагаа хурдацтай хөгжлөө. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын удирдагчидтай уулзах үеэрээ Хятадын тал Монголын талтай хамтын ажиллагаа явуулахдаа харилцан ашигтай байдлыг ямагт тууштай баримтална. Би ялж, чи хожигдоно, надад их чамд бага гэх зүйлийг хэрхэвч гаргахгүй бөгөөд зарим бодит төсөл, хөтөлбөр дээр Монголын талын эрх ашгийг илүү анхаарна гэж олон удаа онцолж байсан. Энэ нь Хятадын талын Монголын талтай хамтын ажиллагаа явуулах тууштай зарчим болоод байна. Талууд ямагт “Нэг бүс нэг зам” санаачилгыг “Талын зам” стратегитай уялдуулж, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл зэрэг механизмууд амжилттай ажиллаж байна. Хятадын талын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн төслүүд Монгол Улсад амжилттай хэрэгжиж, Эрээн хот - Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. 2021 онд, Хятад, Монголын худалдааны эргэлт өсөж, 10 тэрбум ам.долларт хүрсэн. Цар тахал дэгдсэнээс хойш, Хятадын тал “бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, хилийн боомтын ажиллагаа, төмөр замын тээвэрлэлтийг аль болохуйц хэвийн явуулах” зармыг баримтлан Монгол Улсад эдийн засгаа сэргээх, ард иргэдийн амьжиргааг хангах тал дээр туслалцаа үзүүлсэн. Талууд Ганц мод-Гашуунсухайт, Сэхээ-Шивээхүрэн, Зүүнхатавч-Бичигт төмөр замын боомтуудыг шинээр нэмэх талаар тохиролцож, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн холбогдох хэлэлцээрийг шинэчлэх болон бүтээн байгуулалтын бодит ажлын талаар ярилцаж байгаа. Монгол тал дотоодын боомтуудаа холбох төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж байна. Талууд төмөр замын боомтоо холбосны дараа хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ хүч бий болно гэдэгт итгэлтэй байна.
73 жилийн хугацаанд, Хятад, Монголын ард иргэдийн найрамдал тасралтгүй гүнзгийрлээ. Хөршийн харилцаа улам сайжирч байна. Хятад, Монголын уламжлалт найрамдал гүнзгийрч, иргэдийн харилцаа хоёр улсын түүхийн хамгийн тод гэрэлтэх одод болон гялалзаж байна. Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улам бүр хөгжиж байгаа нь хоёр улсын ард түмний идэвхтэй дэмжлэг, өргөн оролцоотой салшгүй холбоотой. Цар тахлаас өмнө, Хятад, Монголын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн үйл ажиллагаа амжилттай явагдаж, хоёр улсын иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн их байж, давхардсан тоогоор хоёр саяд хүрсэн. Цар тахлын үед, Хятад, Монголын Засгийн газар, ард түмэн харилцан дэмжлэг үзүүлж, хүнд хэцүүг хамтдаа даван туулж, олон сэтгэл хөдөлгөм үйл явдал тохиолдсон. Түүн дотроос “Хонины хариуд цай” хэмээх явдал хоёр улсын найрсаг харилцааны түүхэнд бичигдэн үлдсэн. Цар тахлын үед хэдийгээр хоёр улсын иргэдийн хилээр зорчих хөдөлгөөнд саад үүссэн ч хоёр улсын иргэдийн харилцаа идэвхтэй хэвээр байлаа. Хоёр улсын ард түмний хүлээлтээр энэ оны 6 сард Хятад, Монгол хоёр улс цар тахлын хүнд хэцүүг даван туулж, агаарын тээврээ сэргээж, хэвийн үйл ажиллагааг нь хангаж байна. Одоогийн байдлаар, хэдэн мянган зорчигч тээвэрлэж, гадаад оюутан, холимог гэр бүл зэрэг иргэдийн зорчих хөдөлгөөний олон чухал шаардлагыг шийдвэрлээд байна. Мөн, талууд долоо хоногт зургаан удаагийн нислэг үйлдэж, хоёр улсын иргэдийн зорчих хөдөлгөөнд туслалцаа үзүүлэх болно. Сүүлийн жилүүдэд, Хятадын олон кино бүтээлүүд Монголд гарч, Хятадын олон уран зохиолын бүтээлүүд Монгол хэл дээр орчуулагдан хэвлэгдэж байгаа нь Монголын ард түмний Хятадын соёлыг ойлгох гэсэн сонирхол, эрмэлзлийг харуулахын сацуу Монголын ард түмний Хятадын соёлыг ойлгох чухал цонх болж байна. Саяхан, талууд 《Сонгодог бүтээлийг харилцан орчуулах, хэвлэх санамж бичиг》-т гарын үсэг зурсан. Үүгээр хоёр улсын соёлын харилцаа болон соёл иргэншлийн туршлагыг нэмэгдүүлнэ гэдэгт итгэж байна.

73 жилийн хугацаанд, Хятад, Монголын олон талт хамтын ажиллагаа өргөжсөөр ирлээ. Талууд олон улс, бүс нутгийн үйл хэрэгт сайн ойлголцож, хамтран ажилладаг уламжлалтай. Хятадын тал Монголын талыг олон улс, бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг дэмждэг. Мөн, Монголын талыг НҮБ зэрэг олон улсын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг дэмждэг. Хятад, Монгол, Орос гурван тал сайн хамтын ажиллагаагаа хадгалсаар байна. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулах төсөл шат дараатай урагшилж байна. Хятад, Монгол, Орос гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын механизм гурван улсын хамтын ажиллагаанд стратегийн чухал нөлөө үзүүлдэг. Саяхан, Хятад, Монгол, Оросын Төрийн тэргүүн нарын зургаадугаар уулзалт амжилттай боллоо. Энэ үеэр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааг урагшлуулах дөрвөн санал дэвшүүлж, гурван талын хамтын ажиллагааг ахиулах зураглал гаргасан.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Самарканд хотод Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхтэй уулзах үеэрээ хэлсэнчлэн Хятадын тал Хятад, Монголын харилцааг хөрш зэргэлдээ орнуудын гадаад харилцааны чухал байранд тавьдаг бөгөөд элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл санааг баримталж, Монголын талтай уламжлалт найрамдлаа бадруулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна. Хоёр улсын удирдагчдын стратегийн удирдлагаар, хоёр улсын ард түмний хамтын зүтгэлээр хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа сайн уур амьсгалд өрнөж, хоёр улсын харилцаа түүхийн хамгийн таатай хөгжлийн үе дээр ирээд байна. Хятад, Монголын энэ сайн байдал амар олдоогүй, хоёр улсын үе үеийн төлөөллийн хичээл зүтгэл, хүчин чармайлтын дүнд бий болсон. Шинэ эхлэл дээр зогсоод, талууд дээд үеийнхээ итгэл найдварыг хөсөрдүүлэлгүй, нягт харилцаж, үнэнчээр хамтран ажиллаж, хоёр улсын харилцааны илүү сайхан ирээдүйг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.

——— Хоёр улс бие биедээ илүү үнэн сэтгэлээр хандаж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Улс төрийн харилцан итгэлцэл бол бүхий л хамтын ажиллагааны урьдач нөхцөл, хоёр улсын харилцааны урт хугацааны эрүүл, тогтвортой хөгжлийг хангах үндэс суурь нь юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн хэлсэнчлэн талууд цаашид стратегийн харилцаа, улс төрийн хэлэлцээрийг нэмэгдүүлж, бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, бие биеийн язгуур эрх ашиг, чухал асуудлыг харилцан дэмжиж, хоёр улсын харилцааны улс төрийн суурийг хамгаалан бэхжүүлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны тогтвортой хөгжлийг хангах хэрэгтэй. Хөрш орнууд найрсаг харилцаж, харилцан туслалцаж байж бүхий л хүнд хэцүү сорилтыг даван туулж, урт хугацааны хөгжилд хүрч чадна.

——— Хоёр улс илүү ихээр чин сэтгэлээсээ хамтран ажиллаж, харилцан ашигтай хамтын ажиллагааны түншүүд болох хэрэгтэй. Талууд хоёр улсын стратеги, бодлогын уялдааг нэмэгдүүлж, “Нэг бүс нэг зам” санаачилга болон Монголын “Талын зам” хөгжлийн стратегийн уялдааг үргэлжлүүлэн сайжруулж, “Дэлхийн хөгжлийн санаачилга”-ыг Монголын талын “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулж, Хятадын “Хоёр алхам” хөгжлийн стратегийг Монголын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулж, Хятад, Монголын харилцааны хөгжлийн гурван хөдөлгүүрийг бий болгож болно. Одоогийн хамтын ажиллагаанд үндэслэн дэд бүтэц, харилцаа холбооны хамтын ажиллагааг нэмэгдүүлье. Чөлөөт худалдааны гэрээний хамтарсан ТЭЗҮ-ийг урагшлуулж, хамтын ажиллагааны илүү олон шинэ хэлбэрийг эрэлхийлж, худалдааны бүтцийн олон талт байдлыг ахиулъя. Санхүүгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, Хятадын банкны салбарыг Монгол Улсад байгуулах асуудлыг урагшлуулж, томоохон хөрөнгө оруулалтыг амжилттай явуулъя. Бүхий л салбарын хамтын ажиллагааны уялдааг нэмэгдүүлж, харилцан ашигтай ажиллаж, хоёр улс болон хоёр улсын ард түмэнд сайн сайхныг авчиръя.

——— Хоёр улс түншлэлийн харилцаагаа сайжруулж, байнга ирж очдог сайн хөршүүд байх хэрэгтэй. Хамаатан садан, анд нөхдийн харилцаа урагшлах тусам улам сайжирдаг. Хятад, Монгол хоёр улс ойрын хөршүүд болохын хувьд газар зүйн байршлын давуу байдлаа ашиглан харилцаагаа улам нягтруулах хэрэгтэй. Өдгөө, Хятад улсад суралцахаар бүртгүүлж буй Монгол оюутнууд улам олон болж, Монголын салбар бүрийнхэн Хятад улсад зочлох хүсэлтэй болж байгааг харахад таатай байна. Хятадын тал цар тахал намжсаны дараа Монголын ард түмнийг Хятадаар аялж, сурч, ажиллахыг урьж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ Монголчуудыг Хятад улс руу зорчиход илүү олон үйлчилгээ, хялбар байдлыг бий болгон ажиллах болно.

——— Хоёр улс илүү нягт харилцаж, олон талт хамтын ажиллагааны түншүүд болох хэрэгтэй. Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна гэж үг бий. Өдгөө, зуун жилийн өөрчлөлт болон зууны цар тахал давхцаж, худалдааг ивээх үзэл, нэг талт үзэл, ноёрхох үзэл нэмэгдэж, дэлхийн энх тайван, хөгжилд тогтворгүй байдлыг нэмэгдүүлж байна. Хятад, Монгол хоёр улс бол Азийн хөгжиж буй орнууд, мөн ойрын хөршүүд учир стратегийн харилцаагаа нэмэгдүүлж, үүнтэй тэмцэх хэрэгтэй. Хятадын тал Дэлхийн хөгжлийн санаачилга болон Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг хамтдаа байгуулж, бүс нутаг цаашлаад дэлхийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахын төлөө Монголын талтай хамтран ажиллахад бэлэн байна.

Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яам
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ