МИАТ, Boeing хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичиг байгууллаа

МИАТ-ын Boeing 737 онгоц

Зураг (МИАТ-ын Boeing 737-8 онгоц): Kentaro IEMOTO from Tokyo, Japan / Wikimedia Commons, CC BY-SA 2.0

«МИАТ» ТӨХК болон АНУ-ын «Boeing» компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сиэтл хот дахь Boeing-ийн Харилцагчийн туршлагын төвд айлчилсан юм.

Төлөөлөгчдийг Boeing компанийн Арилжааны агаарын хөлгийн нэгжийн Зүүн хойд Ази хариуцсан дэд ерөнхийлөгч Жефф Эдвардс хүлээн авч уулзав. Талууд МИАТ-ын бүс нутгийн нислэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, АНУ болон Европын чиглэлд холын зайн нислэгээ өргөжүүлэх боломжийг хэлэлцсэн байна. МИАТ-ын хүлээн авах хоёр дахь Boeing 737 MAX 8 онгоц бүс нутгийн зорчигчдын өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад дэмжлэг болно гэж тэмдэглэв.

Сайд мөн Холбооны нисэхийн захиргаа (FAA), Тээврийн аюулгүй байдлын захиргаа (TSA)-тай уулзаж, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэлийн хугацаа тодорхой болсонд талархсан аж. Монгол Улс АНУ-тай стратегийн түншлэлийн хүрээнд иргэний нисэхийн хамтын ажиллагаа, агаарын тээврийн шууд харилцаа тогтоохыг чухалд үзэж байна.

Иргэний нисэхийн салбар 2027 онд FAA-ийн Олон улсын нисэхийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдүгээр ангилалд хүрэх, МИАТ 2028 онд АНУ руу шууд нислэг эхлүүлэх зорилт тавьжээ.

Boeing компани 1992 оноос хойш Монголтой 30 гаруй жил хамтран ажиллаж байгаа бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ-д мэргэжлийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв. Тус компанийн мэргэжилтнүүд дэлхийн агаарын тээврийн зах зээлийн төлөв, 737 болон 787 цувралын онцлог, шинэ технологи, зорчигчийн бүхээгийн зохион байгуулалтыг танилцуулж, МИАТ-ын цаашдын хөгжлийн стратегийн талаар санал солилцсон байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ