Зураг (Лайпцигийн их сургуулийн Шинкелийн хаалга, Шинэ Аугустеум): Wilhelm Thomas Fiege / Wikimedia Commons, CC BY-SA 3.0
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрийн урилгаар хийсэн төрийн айлчлал өчигдөр буюу 10 дугаар сарын 22-нд өндөрлөлөө. Айлчлалын сүүлийн өдөр Ерөнхийлөгч Саксони муж улсын Лайпциг, Дрезден хотод ажиллаж, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн нэрийг түүний эрдэм сурсан хотод нь мөнхөллөө.
Лайпцигийн их сургуулийн Энэтхэг, Төв Ази судлалын сургуулийн байранд Д.Нацагдорж болон Германы нэрт дорно дахинч, монголч профессор Эрих Хэнишийн нэрийг хамтад нь мөнхөлсөн дурсгалын самбар нээлээ. Мөн их зохиолчийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлтийн ёслолд оролцов. Ерөнхийлөгч энэ дурсгалт бүтээл хоёр суут хүний эрдэм бүтээл, гавьяа зүтгэлийг хүндэтгэхийн зэрэгцээ Монгол, Германы ард түмнийг нэг зууны турш холбосон оюун санаа, харилцан хүндэтгэлийн бэлгэ тэмдэг болохыг онцлов.
Одоогоос зуун жилийн өмнө эрдэм боловсрол эзэмшихээр Герман руу явсан монгол залуусын нэг нь Д.Нацагдорж байв. Лайпцигт өнгөрүүлсэн он жилүүд нь түүний ертөнцийг үзэх үзэл, оюуны төлөвшил, уран бүтээлийн сэтгэлгээнд гүн нөлөөлсөн гэдгийг Ерөнхийлөгч тэмдэглэв. Тухайн үед тус сургуульд ажиллаж байсан Э.Хэниш Монголын түүх, хэл, соёлыг судлах үйлсэд чухал хувь нэмэр оруулж, Германы монгол судлалд анхдагчийн мөр үлдээсэн бөгөөд хоёулангийн багш, шавийн барилдлага хоёр орны харилцааны түүхэнд онцгой байр суурь эзэлдэг.
Лайпцигийн их сургууль 1409 онд байгуулагдсан, Герман болон Европын хамгийн эртний их сургуулиудын нэг. Өнөөдөр 30 мянга гаруй оюутан суралцдаг. XIX зууны сүүлчээр Германд анх удаа Монголын соёлын талаар хичээл заасан нь энэ сургууль бөгөөд XX зуунд монгол судлал бие даасан судалгааны чиглэл болон хөгжсөн. 1926 онд Монголын анхны 35 сурагч, оюутан Лайпциг болон Германы бусад их, дээд сургуульд суралцахаар иржээ.
Одоо 700 гаруй монгол оюутан Германд суралцаж байгаагаас 126 нь Ерөнхийлөгчийн санаачилсан «Илгээлт-2100» тэтгэлэгт хөтөлбөрөөр Дрездений Техникийн их сургуульд сурч байна. Энэ жил хоёр орны боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ой тохиож буй бөгөөд Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Лайпцигийн их сургуульд зохион байгуулжээ.
скачать dle 12.0