Нийслэлд энэ онд 652 барилгыг ашиглалтад авах хүсэлт ирж, 81-ийг нь хүлээж аваагүй

Улаанбаатар, Яармаг дахь шинэ барилгууд

Зураг (Яармаг дахь шинэ барилгууд, Улаанбаатар): Chinneeb / Wikimedia Commons, CC BY 4.0

Нийслэлийн Хяналт шалгалтын газар барилга байгууламжийн ашиглалт болон иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа.

Тус газар 2024 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан. Захиргаа санхүү, дотоод хяналт шинжилгээ, барилга байгууламжийн ашиглалт бүртгэл, барилгын стандарт аюулгүй байдлын хяналт, дэд бүтцийн стандарт, орчны аюулгүй байдлын хяналт гэсэн зургаан хэлтэстэй ажилладаг.

Ашиглалтад авах хүсэлтийн дүн

2026 оны байдлаар барилга байгууламжийг ашиглалтад авах 652 хүсэлт хүлээн авчээ. Үүнээс баримт бичгийн бүрдэл дутуу 267 хүсэлтийг буцаасан байна. Урьдчилсан үзлэг хийсэн 331 хүсэлтээс ажлын гүйцэтгэл дутуу, тохижилт бүрэн хийгдээгүй 81 барилга байгууламжийг хүлээж авахаас татгалзжээ.

Нийт 425 хүсэлтийн дагуу улсын комисс ажилласан. Хуулийн дагуу 62-т нь татгалзсан хариу өгч, 307 барилга байгууламжийн дүгнэлтийг баталгаажуулсан байна. Улсын комиссын хуваарийг нийтэд нээлттэй байршуулдаг болсон бөгөөд өмнө нь 90–180 хоног ажилладаг байсан комиссын хугацааг 30–45 хоног болгон богиносгосон гэв.

Өргөдөл, гомдол хоёр дахин нэмэгджээ

Энэ оны аравдугаар сарын байдлаар албан бичиг, өргөдөл гомдол 7,000 гаруйг хүлээн авсан нь 2024, 2025 оны жилийн эцсийн дүнгээс хоёр дахин их үзүүлэлт. Харин хүний нөөц хүрэлцээгүй, нэг албан хаагчид ихдээ 268, багадаа 71 өргөдөл, гомдол ногддог нь шийдвэрлэлт удаашрах нэг шалтгаан болдог аж. Нийслэлийн ИТХ-аар наймдугаар сард иргэдийн өргөдөл гомдлын тайланг хэлэлцэхэд шийдвэрлэлтийн хугацаа 25 хоног байна гэх шүүмжлэл гарч байсан. Одоо энэ хугацааг 17 хоног болгон багасгасан гэж тус газрын дарга Б.Аз танилцууллаа.

Түр хашаа, явган замын хашлагын зөрчил

Барилгын түр хашаа, явган замын хашлага, саравч зэрэг барилгын орчны аюулгүй байдал алдагдсан 459 зөрчил илэрч, 384 зөрчлийг арилгуулжээ. Тус газар дотоод хяналт шинжилгээг тогтмол хийж, албан тушаалын тодорхойлолт бүрт авлига, албан тушаалын дүн шинжилгээ хийлгэх хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байна.

Цаашдын шаардлага

Б.Аз цаашид барилга байгууламжийн норм, стандарт, ашиглалтад оруулахтай холбоотой дүрэм журмыг шинэчилж боловсронгуй болгох шаардлагатайг онцолсон. Мөн орчин үеийн техник технологийг ашиглах боломж бүрдүүлэх, нарийвчилсан шинжилгээ сорилтын лаборатори байгуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж тогтвортой ажиллах нөхцөлийг хангах хэрэгтэй гэжээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад барилгын чанар, дэд бүтцийн стандартыг мөрдүүлэх энэ үүрэг чухал бөгөөд хяналт шалгалтын хугацаа богиносч, шийдвэрлэлт хурдсах нь барилга байгууламжийг хэрэглэгчдэд цаг хугацаанд нь хүлээлгэн өгөхөд нөлөөлнө.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ