Сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 2-нд эхэлнэ

Улаанбаатар дахь сургууль

Зураг (тайлбар): Улаанбаатар дахь сургуулийн байр (дүрслэл): KQuhen / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

2026-2027 оны хичээлийн жил дөрвөн улиралтай байхаар батлагдсан. Үүний дагуу нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид арваннэгдүгээр сарын 2-оос 8-ныг дуустал буюу нэг долоо хоног амарна. Харин арваннэгдүгээр сарын 9-ний Даваа гарагт хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил есдүгээр сарын 1-нээс дараа оны зургаадугаар сарын 15-ны хооронд үргэлжилнэ. Танхимын сургалт бага ангид 32, дунд ангид 33, ахлах ангид 34 долоо хоног байх бөгөөд хичээлийн жилийн туршид хоёр долоо хоногийг суралцагчийн хөгжлийг дэмжсэн танхимын болон танхимын бус үйл ажиллагаанд зарцуулдаг. Бие даалтын эдгээр долоо хоног нь улирлын амралттай ойр таарахаар хуваарилагдсан.

Дараагийн амралтын хуваарийг мөн урьдчилан харууллаа. Хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 28-наас эхлэн гурван долоо хоног үргэлжилнэ. Нийслэлийн сурагчдын бие даалтын долоо хоног нь өвлийн амралтын өмнө буюу арванхоёрдугаар сарын 21-25-нд хуваарилагдсан бол гуравдугаар улирлын хичээл 2027 оны нэгдүгээр сарын 18-наас эхэлнэ. Гуравдугаар улирлын амралтаар нийслэлийн сурагчид гуравдугаар сарын 22-оос нэг долоо хоног амарч, 29-нөөс хичээллэнэ. Орон нутгийн сурагчид гуравдугаар сарын 22-26-нд бие даалт хийж, дараа нь нэг долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас шинэ улирлын хичээлдээ орно.

Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэхдээ 2026 оны тавдугаар сард багш нараас санал асуусан бөгөөд 9,620 багш оролцжээ. Оролцогч багш нарын 52.2 хувь нь өвлийн амралтыг 1-2 долоо хоногоор багасгах, бага ангийн зуны амралтыг зургаадугаар сарын 1-ээс эхлүүлэх, хичээлийн жил дөрвөн улиралтай байх, дунд болон ахлах ангийн зуны амралтыг нэг долоо хоногоор урагшлуулах санал өгсөн байна. Боловсролын Яам, Боловсролын Ерөнхий Газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын газар, салбарын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл нэгдсэн хувилбарыг дахин хэлэлцэн боловсруулж батлуулсан гэж Боловсролын Яам мэдээлсэн.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ