![]()
Зураг (тайлбар): Гар утас барьж буй гар: Dennis Cortés / Wikimedia Commons (Unsplash), CC0
Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудын зээлийн хүү, зээлийн үйлчилгээтэй холбоотой нэмэлт шимтгэл, хураамжийг зохицуулах арга хэмжээг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргажээ.
Хорооны мэдээлснээр иргэд, аж ахуйн нэгж ББСБ-аас барьцаатай буюу уламжлалт зээл авахад сарын дундаж хүү 2.9 хувь байдаг. Харин технологид суурилсан, аппликэйшнээр дамжуулан зээл олгодог зарим байгууллага Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17.1-д заасан зөвлөлөөс тогтоосон сарын 4.5 хувийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүүтэй зээл олгосон нь хяналт шалгалтаар илэрчээ.
Үүнтэй холбогдуулан 2026 оны 10 дугаар сарын 21-ээс эхлэн ББСБ-ууд сарын зээлийн хүүгээ зөвлөлөөс тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар болсон. Зорилго нь иргэдийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн нөхцөлийг ил тод болгох, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах явдал гэж хороо тайлбарлав.
Мөн иргэд нэгэн зэрэг олон зээлтэй болох, зээл давхардах эрсдэлийг бууруулахын тулд ББСБ-ууд зээл олгох, зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах бүрдээ холбогдох мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бодит цагийн горимоор, бүрэн, шуурхай нийлүүлэх үүрэгтэй боллоо.
Хүүгийн тогтоосон дээд хэмжээг зөрчсөн ББСБ-д хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн зээлийн үндсэн төлбөр, хүүгээс гадна иргэдэд нэмэлт санхүүгийн дарамт үүсгэж буй шимтгэл, хураамжийг зохицуулахаар холбогдох хууль тогтоомж, журамд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах ажил хийгдэж байгаа аж.
скачать dle 12.0