Зураг (тайлбар): Оюу толгойн уурхайн талбай. Зохиогч: Brücke-Osteuropa / Wikimedia Commons, Public domain
Оюутолгойн ногдол ашгаас нэг иргэнд 857 мянган төгрөгийг бэлнээр олгох тухай нийтийн өргөдөл 100 мянга гаруй иргэний санал авч, УИХ-ын байнгын хороонд шилжлээ. Иргэн Х.Оюунбилэгийн санаачилсан өргөдөл 100,094 санал цуглуулсан тул холбогдох хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, УИХ-аар хэлэлцэхээр болсон байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы нээлтэд өргөдлийг Өргөдлийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээ мэдэгдлээ. Тэрбээр байгалийн баялгийн эзэн ард түмэн бол өгөөжийн эзэн нь ч ард түмэн байх ёстой гэсэн ч, өгөөжийг иргэдэд хүртээхдээ сэтгэлийн хөөрлөөр бус нарийн тооцоо, судалгаатай хандах хэрэгтэй гэж онцолсон.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүд өөр өөр байр суурь илэрхийлж байна. Гишүүн Б.Баярбаатар эхлээд 3 орчим их наяд төгрөгийн ногдол ашгийг улсын баялгийн сангийн дансанд авах, дараа нь эдийн засагчид, эрдэмтдийн саналыг сонсох нь зүйтэй гэжээ. Иргэдэд тараах нь инфляцид нөлөөлөхгүй гэж эдийн засагчид дүгнэвэл тодорхой хувийг нь тараагаад, үлдсэнийг нь хуримтлалын дансанд үлдээх боломжтой гэж тэрбээр үзэж байна. Мөн 100 мянган иргэний гарын үсэг заавал ингэж шийдвэрлэнэ гэсэн үг биш гэдгийг тэмдэглэв.
Гишүүн А.Ариунзаяа ногдол ашиг үнэхээр орж ирэх эсэх нь тодорхойгүй байхад нийгмийг талцуулж болохгүй гэсэн байр суурьтай байна. Тэрбээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндэсний баялгийн сангийн тухай болон Хуримтлалын сангийн тухай хуулийг анхаарах ёстойг сануулсан. Гишүүн О.Цогтгэрэл 3 их наяд төгрөгийн төлбөр ногдол ашиг мөн эсэхэд Засгийн газар хариулт өгөх ёстой гэжээ.
Г.Дамдинням Рио Тинто компанийн удирдлагууд ногдол ашиг олгоно гэдгээ урьдчилсан байдлаар илэрхийлсэн гэж мэдэгдсэн байна. Өргөдөл одоо байнгын хороодын шатанд хэлэлцэгдэх бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байна.
скачать dle 12.0