![]()
Зураг (тайлбар): Улаанбаатар, Энхтайваны өргөн чөлөө. Зохиогч: Honza Soukup / Wikimedia Commons, CC BY 2.0
Нийслэлийн дарга Б.Пүрэвдагва ирэх өвөл нийтийн тээврийн паркаа 160 автобусаар шинэчлэхээ мэдэгдлээ. Мөн 2027 оны Улаанбаатарын төсвийг 11 дүгээр сарын 20-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барина гэжээ.
Хотын дарга замын хөдөлгөөний хурд 5 км/цагт хүрэхгүй бол "тэг зогсолт" гэж үздэг, харин 10 дугаар сарын 26-нд хөдөлгөөний хурд 3 км/цаг болсныг дурдав. Шатахуун түгээх станцуудын орчимд замын нэг, хоёрдугаар эгнээг дамнан дараалал үүссэнээр хөдөлгөөн удааширч, нийтийн тээвэрт саад болсон гэж тэрбээр тайлбарлалаа. Үүнтэй холбогдуулан 13 чиглэлд 21 автобус нэмж, богино эргэлтийн зургаан шинэ чиглэл нээсэн байна.
Шинэчлэлийн хүрээнд цахилгаан 60, хүүхдийн 40, дунд болон богино эргэлтийн 50 автобус авна. Өнгөрсөн жил өдөр бүр 640 мянган иргэн нийтийн тээвэр ашиглаж байсан бол энэ өвөл 750 мянга болж нэмэгджээ. Автобусууд дунджаар 10-15 км/цагийн хурдтай явж байна.
Их багтаамжийн тээврийн төслүүд үргэлжилж байна. Sky Shuttle, хөнгөн галт тэргийн ажил явагдаж, дүүжин тээврийг 12 дугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар бэлдэж байгаа аж. Ирэх жил Энхтайваны өргөн чөлөө, эсвэл Архивын Ерөнхий газраас 120 мянгат руу их багтаамжийн тээвэр орж ирвэл нийтийн тээвэр цагаараа явах боломж бүрдэнэ гэж хотын дарга үзэж байна.
Авто зогсоолын чиглэлээр ажлын хэсгийн хоёрдугаар хурал 11 дүгээр сарын 4-нд боллоо. Хурлаар зогсоолын төлөвлөлт, тэмдэг тэмдэглэгээний стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, байршил, бүсчлэлд үндэслэн төлбөрийн ялгаатай тариф тогтоох, төлбөр хураах журмыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцсэн. Ажлын хэсэг шинэ тарифын талаар иргэдийн санал, байр суурийг судлахаар болжээ.
скачать dle 12.0