![]()
Зураг (тайлбар): «Orlando Magic» багийн тоглолт (Osceola Magic-ийн ахлах баг). Зохиогч: Michael Barera / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо буюу NBA-ийн «Орландо Мэйжик» багийн хөгжлийн лигийн баг болох «Osceola Magic»-т Шаравжамцын Энхийн-Од тоглохоор болсон билээ. Тус баг шинэ улирлынхаа нээлтийн тоглолтын албан ёсны бүрэлдэхүүнийг зарлахад Энхийн-Од багтжээ.
«Osceola Magic» нээлтийн тоглолтоо орон нутгийн цагаар 11 дүгээр сарын 8-ны 15:00 цагт «Oklahoma City Blue» багийг талбайдаа хүлээн авч хийхээр товлогджээ. Флоридагийн цаг, Монголын цагийн зөрүүгээр бодвол энэ тоглолт манай цагаар 11 дүгээр сарын 9-ний өглөө 04:00 цагийн үед болох тооцоотой.
Тоглолтын хамгийн хямд тасалбар 23.05 доллар, хамгийн үнэтэй суудал нь 185 доллар байна.
Багийн нэрний түүх сонирхолтой. Флорида мужийн нэгэн хотыг тус мужийн уугуул иргэдийн эрхийн төлөө тэмцэгч Оссиолагийн дурсгалд зориулан ийн нэрлэсэн байдаг бөгөөд баг энэ хотын нэрийг авчээ. «Osceola Magic» 2017 онд анх байгуулагдахдаа «Lakeland Magic» нэртэй байсан бол 2023 оноос одоогийн нэрээ авсан. Тус баг 2021 онд хөгжлийн лигийн аварга болж байсан түүхтэй.
Монгол сагсан бөмбөгчин АНУ-ын NBA-ийн системд хамаарах багт тоглох нь манай спортын хувьд чухал алхам. Хөгжлийн лигээс залуу тоглогчид ахлах багт шилжих боломж олддог тул Энхийн-Одын эхний тоглолтууд, түүний тоглох хугацаа, үзүүлэх үзүүлбэрийг монголын сагсан бөмбөгийн сонирхогчид анхааралтай ажиглах нь дамжиггүй.
скачать dle 12.0