![]()
Зураг (Улаанбаатар хотын шинэ орон сууцны барилгууд): Chinneeb / Wikimedia Commons, CC BY 4.0
Орон сууцны захиалга өгөөд хохирох явдлаас урьдчилан сэргийлэх системийг Улсын бүртгэлийн байгууллага хөгжүүлж байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны «Нээлттэй яам» арга хэмжээн дээр энэ тухай танилцуулжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн баталгаат байрыг хянах эрх зүйн орчин одоогоор бүрдээгүй ч эрсдэлээс сэргийлэхийн тулд барьж дуусаагүй барилгуудын мэдээллийг төрийн мэдээллийн хүрээнд ил болгож эхэлснийг хэллээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням өнгөрсөн аравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар 406 дугаар тогтоол батлагдсан гэв. Тогтоолын зорилго нь захиалгын гэрээгээр орон сууцаа өмчилж чадаагүй иргэдийн асуудал давтагдахаас сэргийлэх явдал юм. Системийн хөгжүүлэлтийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасан бөгөөд систем нь зөвхөн нийтийн зориулалттай орон сууцны барилгын захиалгын гэрээг бүртгэх, тэмдэглэх, хайх боломж олгоно.
E-burtgel.gov.mn сайтын «Нээлттэй дуусаагүй барилгын бүртгэл» хэсэгт иргэд захиалгын гэрээгээ зургаан шалгуураар хайж, давхардал байгаа эсэхийг шалгах боломжтой. Үүнд байршил, баг хороо, нэгж талбарын дугаар, барилгын нэр, төсөл хөтөлбөрийн нэр, ААН-ийн нэр орно.
Өнөөдрийн байдлаар мэдээлэл бүрэн орсон 10 байрлалын 246 орон сууцны захиалгын гэрээ мэдээллийн санд байна. Газрын зураг дээр барилгын байршил харагдах бөгөөд блок, давхар, орцоор нь үзэж болно. Улаан тэмдэглэгээ нь захиалгын гэрээ урьдчилан бүртгэгдсэнийг, ногоон нь захиалга хийх боломжтой орон сууцыг заана. Орон сууц бүрт давтагдашгүй QR код байх бөгөөд уншуулахад дэлгэрэнгүй мэдээлэл гарна. Зоорийн давхрын авто зогсоолд захиалга хийсэн эсэхийг мөн шүүж харна.
Барилга барих 10 үе шатыг бүртгэж, баталгаажуулсан үед барилга иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд шилжинэ гэсэн зарчмыг баримталсан байна. Эдгээр үе шат нь газар эзэмших эрхийн зөвшөөрөл авахаас эхлээд барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, хаяг дугаар авах хүртэл үргэлжилнэ.
Харин эрх зүйн асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-аар батлагдсаны дараа Улсын бүртгэлийн байгууллага захиалгын гэрээг тэмдэглэх эрх зүйн орчин бүрдэнэ. Зөвшөөрөлгүй барилгад гэрээ өгсөн хохирогчдын асуудлыг давхардуулан тэмдэглэх зохицуулалт одоогоор байхгүй. Urban.gov.mn сайтын хөгжүүлэлт хараахан дуусаагүй байна.
скачать dle 12.0