Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.14/ хуралдаан 16 цаг 04 минутад гишүүдийн ирц 56.0 хувьд хүрснээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн горимын санал гаргасан. Тэрбээр, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсанТатварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх ёстой. Гэтэл төслийг Байнгын хороо санаачлах дэгтэй. Иймд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлаа хэлэлцэхээр өөрчлөх нь зүйтэй хэмээн тайлбарлав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Монгол Улсын Ерөнхий аудиотор Д.Загджав аудитаар цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтийг танилцуулав. Уг дүгнэлтэд:
Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн эхний ээлжинд акт тогтоож, албан шаардлага тавиагүй. Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд дөрөв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албанд дөрөв, Эрдэс баялгийн мэргэжлийн салбар зөвлөлийн геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар зөвлөлийн даргад гурван зөвлөмжийг тус тус хүргүүлэн ажиллаж байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор онцлон тэмдэглэв.
Үндэсний аудитийн газрын Гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал Д.Энхболд,"Аудитын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018-2024 оны эхний хагас жилийн хүрээнд хамрагдах “Улсын хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын төсөв, төлөвлөгөө” болон тодотгосон тушаалаар 2018-2024 оны хооронд өмнөх оноос үргэлжлэн хэрэгжих 22, шинээр хэрэгжүүлэх 67 төслийг хамруулсан. Улсын төсвийн хөрөнгөөр 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн 56, ашигт малтмалын 8, геофизикийн 3, эрэл үнэлгээний 4, геологийн бусад төрлийн суурь 12, геохимийн 2, геоэкологийн 4 ажлыг 2014-2024 оны эхний хагас жилийн байдлаар хэрэгжүүлж байгаагаас 29 ажлын гэрээг дүгнэж, Эрдэс баялгийн мэдээллийн “Геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар” зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн 25 ажлаас үр дүнгийн тайланг засварлахаар буцаасан 2, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаал гарсан 2, тушаал гараагүй 21, үргэлжлэн хэрэгжиж байгаа 35 ажил байна. Улсын төсвийн хөрөнгөөр 2018-2024 оны эхний хагас жилийн байдлаар нийт 140,855.0 сая төгрөгийн 89 ажилд 113,472.9 сая төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгчид олгосон" хэмээн хариулж байлаа.
Харин Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, Нэг га талбарын суурь төлбөрийг 4000 төгрөгөөр тооцсон. Үүн дээр үндэслээд сонгон шалгаруулалтыг явуулдаг. Улсын төсвийн гүйцэтгэлээр сүүлийн 2018-2024 онд нийтдээ 151 тэрбум төгрөгийг суурь судалгаанд зарцуулж, сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноор нийтдээ 177 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн гэв. Мөн тэрбээр, бидний хувьд нэгж талбар гэхээсээ ашигт малтмалын төрөл болгоноор нөөц, баялгийн хэмжээ гэх зэргээр нэг бүрчлэн гео мэдээллийн сангийн бүртгэлийг хөтөлж, ажилладаг. Аудит хийсэн хугацаанд бид 67 төслийн өрөмний мэдээллийг гео мэдээллийн санд бүртгэж авсан. Мэдээллийн санд зөвхөн ашигт малтмалын бус гидрогеологи, геоэкологи, бүс нутгийн тектоник гээд маш нарийн судалгаануудыг хийж, олон янзын мэдээллийг олж авдаг. Судалгааны ажил дунджаар 3-4 жил буюу урт хугацаанд үргэлжилдэг. Судалгаанаас олж авсан мэдээллийг уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, зам, дэд бүтэц, барилга хот байгуулалт, суурьшлын бүс гээд олон салбарт ашигладаг гэсэн нэмэлт тайлбарыг өгч байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал аудитын дүгнэлттэй танилцаад өнгөрөх бус Байнгын хорооноос тодорхой асуудлаар Засгийн газарт чиглэл өгч ажиллах нь зүйтэйг дурдахын зэрэгцээ цаашид геологийн үндэсний албыг эрдэс баялаг, ашигт малтмалын салбарт хамааруулдаг ойлголтоо эхлээд өөрчлөх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.