![]()
Зураг (Чингис Хаан олон улсын нисэх буудал): SunDawn / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа (TSA)-ны дарга Дэвид Камминс болон TSA-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал Стефани Мецгертэй уулзлаа. Уулзалтад Монгол, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэлийн хүрээнд нисэхийн аюулгүйн хамгаалалтыг бэхжүүлэх асуудал голлон хөндөгдсөн байна.
Сайд Монгол Улсын Засгийн газар стратегийн түншлэлийн хүрээнд иргэний нисэхийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг гэдгийг онцолсон. Мөн иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлж, АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны (FAA) олон улсын нисэхийн аюулгүй байдлын үнэлгээгээр 1 дүгээр ангилалд хүрэхийг зорьж буйгаа хэлжээ.
Иргэний нисэхийн ерөнхий газар, TSA 2021 оноос аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллаж иржээ. 2024 онд талууд аюулгүйн мэдээлэл солилцох гэрээ байгуулсан. 2025 оны иж бүрэн үнэлгээний зөвлөмжийг Монгол тал бүрэн хэрэгжүүлснийг 2026 оны наймдугаар сарын давтан шалгалт баталсан байна.
АНУ-ын Засгийн газрын 3 сая ам.долларын буцалтгүй тусламжаар «Чингис Хаан» нисэх буудлын аюулгүйн үзлэгийн тоног төхөөрөмжийг шинэчилж байна. Рентген төхөөрөмж, хүний биед үзлэг хийх сканнер, тэсрэх бодис илрүүлэх төхөөрөмж, металл илрүүлэгч зэрэг нийт 24 ширхэг төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн (USTDA) 2.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар «Нисэхийн аюулгүй байдлын стандартын техникийн тусламж» төслийг «Викс» групптэй хамтран хэрэгжүүлж байна. Төсөл 2026 оны тавдугаар сараас эхлэн 18 сар үргэлжилнэ. Талууд нисэхийн аюулгүйн хяналтын байцаагч, аюулгүйн үзлэгийн шалгагч, инженер, техникийн ажилтнуудад зориулсан сургалтыг үе шаттай зохион байгуулахаар тохиролцсон байна.
скачать dle 12.0