Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Хэрлэн, Г.Очирбат, Д.Энхтуяа нар ёс зүйн зөрчил их гарч байгаа төрийн үйлчилгээний байгууллагуудын ажлын ачаалал, стрессийг судалж, ажлын байрны зураг авалт хийх, гарч буй гомдол мэдээлэл, ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийж шалтгаан нөхцөлийг тогтоох, удирдах, гүйцэтгэх, туслах албан хаагчдад хуулийн үйлчлэл адил тэгш байх, ёс зүйн хороо, дэд хороодод ажиллаж байгаа хүмүүсийн урамшууллыг зохих ёсоор олгох, мөн төрийн албанд сэтгэлгээ, үнэт зүйлийн өөрчлөлт хийж, ялангуя өндөр албан тушаалтнууд ёс зүйн алдаа гаргасан бол уучлалт гуйдаг байх, төрийн албан хаагчдын алдаа бүрийн араас явах бус сайн руу тэмүүлэх тэмүүллийг нь урамшуулах, улам сайн болгох, сайн талыг нь товойлгох чиглэлээр Ёс зүйн хороо ажилладаг байх зэрэг олон асуудлаар асуулт асууж үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Төрийн хэмнэлтийн тухай хууль зохих өөрчлөлтийг оруулж, Ёс зүйн дэд хороодын болон бусад төрийн үйл ажиллагааны хэвийн ажиллах нөхцөлийг хангах шаардлагатайг онцолсон юм.Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар Ёс зүйн хороо болон дэд хороод шинэ тутам учир Байнгын хорооноос эрх зүйн болон арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатайг тэмдэглэж, өнөөдөр сонссон тайлангийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газраас гаргах үнэлгээг үндэслэн 2025 оны хаврын ээлжит чуулганаар дахин хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргана гэлээ.
Ажлын хэсэг дүгнэлтээ Ёс зүйн хороо, дэд хороодын үр нөлөөтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц байх, төрийн албан хаагчдын дунд нэр хүндтэйгээр ажиллах зарчмыг баримтлан гаргаж, цаашид хэрхэн ажиллаж, тогтвортой, нэр хүндтэй байх вэ гэдгийг илүүтэй харгалзан үзсэн байна. Энэ үүднээс Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзэж, хорооны гишүүдийг томилгооны сонсголоор оруулдаг байх, улс төрийн болон төрийн тусгай албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг нарийвчлан зааглах, мөн хууль тогтоомжийн хэрэглээний тодорхойгүй, давхардал хийдэлтэй байдлыг засах, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, сургалт, хөтөлбөрийг системчлэх шаардлагатайг дурдсан юм. Түүнчлэн хууль сахиулах байгууллагууд, орон нутгийн төрийн байгууллагуудад үйлчилж буй өөр өөрсдийнх нь мэргэжлийн ёс зүйн дүрмүүд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуультай давхцаж, зарим байгуулагад ёс зүйн хоёр хороо зэргэцэн ажиллахад хүрээд байгааг Улсын Их Хурлын гишүүнХ.Баасанжаргал ярив. Ёс зүйн механизм үнэхээр чухал бөгөөд төрийн албан хаагчдын хүлээлт их байгаа боловч энэ асуудлаарх хууль тогтоомж уялдаагүй, Улсын Их Хурлын Байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолуудын хэрэгжилт хангалтгүй зэргээс шалтгаалан энэ механизмд итгэх илтгэл суларч болзошгүй байгааг тэрбээр анхааруулсан юм. Мөн урамшууллын болон эвлэрүүлэн зуучлах механизмТөрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд байхгүй, төрийн өндөр болон удирдах албан тушаалтанд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн талаарх мэдээллийг нийтэд ил тод зарлах зохицуулалт дутагдалтай байгааг Ажлын хэсгийн санал дүгнэлтэд дурдсан байна. Төрийн анхан шатны байгууллагуудад ажиллаж байгаадэд хороод тайлан мэдээллээ шууд Ёс зүйн хороонд өгч байгаань орон нутаг, засаг захиргааны түвшинд мэдээллийг нэгтгэх, хүний нөөцийн болон бусад бодлогын уялдааг хангах боломжгүй болгож байна гэсэн юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Ёс зүйн дэд хороодын дарга, гишүүдийн урамшууллыг зохих ёсоор олгож, ажиллах нөхцөлийг хангах шаардлагатай талаар үг хэлэв. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоол батлахаар боллоо. Тогтоолоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаарх сургалт, соён, гэгээрүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй, тасралтгүй зохион байгуулж үнэлэх, сургалтын агуулга хөтөлбөрт нийцсэн цахим болон танхимын сургалтын гарын авлага хэрэглэгдэхүүн боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлж, үр дүнг тайлагнах, ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаа, сургалтын төлөвлөлт, тайлагнал, гомдол, мэдээлэл, зөрчил, хариуцлагын нэгдсэн бүртгэлийн системийг сайжруулж, тогтмол хэрэглээг хэвшүүлэх, мэргэжлийн ёс зүйн дүрэм, давхардал, хийдлийг арилгах арга хэмжээг эрчимжүүлэх тусгай чиг үүргийн байгууллагын ёс зүйн дэд хороог хэрхэн зохион байгуулж болох талаар судалж саналаа ирүүлэхийг Ёс зүйн хороонд даалгахаар тусгасан байна. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд Ёс зүйн хороо, дэд хороодын биеэ даасан, хараат бус ажиллах нөхцөл, чиг үүрэг, гомдол мэдээллийн харьяалал тогтоох зохицуулалтыг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийн талаарх үр дагаврын үнэлгээ болон холбогдох судалгааг хийлгэж, холбогдох хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр заасан байна.
Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд бүгдээрээ тогтоолын төслийг дэмжин баталлаа. Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Баярбаатар Улсын их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы ирцийн талаарх мэдээллийг нарийвчлан гаргаж, шаардлагатай бол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага тооцох санал боловсруулахыг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа болон бусад гишүүдэд үүрэг болголоо.
1 Сэтгэгдэл