Монгол улсын иргэн Х.З гэх бүсгүй 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Олимп виллаж хотхонд байрлах Синдрелла гоо сайхны эмнэлэгт филлер тарилга хийлгэсэн байна. Гэвч филлер тарилга хийгдэх аргачлалын дагуу хийгдээгүй, гарч болох хүндрэл, тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамжаа мөрдөөгүй зэрэг үйлдлийн улмаас иргэн Х.З баруун нүд хараагүй болжээ. Тодруулбал, филлер тарилга хийхдээ судсыг гэмтээж баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрөл, торлог бүрхүүлийн цусан хангамжийн алдагдал, баруун нүдний хараагүйдэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан байна.
Үүний улмаас иргэн Х.З хөдөлмөрийн чадварын 65 хувийн алдагдалтай амьдарч байгаа бөгөөд ажил хийх боломжгүй байдалтай байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн чадварын 65 хувийн алдалт гэдэг нь хугацаагүй буюу абсолют сохролт бөгөөд дахин хараа сэргэх боломжгүй тухай хууль тогтоомжид заасан. Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар заасан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй 65 хувийн алдагдалтай нөхцөл байдлыг хохирогчид үүсгэжээ.
Хараагүй болсон эмэгтэйн хувьд ХБНГУ болон Непаль улсад тус тус эмнэлгийн туслалцаа авч 300 гаруй сая төгрөгийн зардал гаргасан байна. Харин үйлчлүүлэгчээ сохолсон “Синдерелла” эмнэлгийн зүгээс 200 сая төгрөг өгөөд бүх насаараа дуугүй байх шаардлага тавьсан бөгөөд ингэхдээ Х.З бүсгүйд учирсан эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хохирол зэргийг огт тооцоолоогүй бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа юм.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хэд хэдэн ноцтой зүйлийн талаар хохирогч бүсгүй ярьсан байдаг. Тодруулбал, “… надад хийсэн филлер тарилга болон бусад стандарт бус байсан бүх зүйлсийг мөрдөн шалгаж өгөх хүсэлтийг цагдаагийн байгууллагад гомдол болгон гаргасан. Хэрэг мөрдлөгийн шатанд байхад байгууллагатай холбоотой, хаанаас оруулж ирсэн нь тодорхойгүй, ямар орц найрлагатай, юу миний биед хийсэн нь шинжилгээгээр батлагдсан бичиггүй, тухайн байгууллага 2022 оны 6 сараас 2022 оны 11 сар хүртэл тусгай зөвшөөрөлгүй ажиллаж байсан нь засгийн газрын шилэн мэдээлэлд харагддаг, удирдлага, эмч мэргэжилтэн шинжээчийн дүгнэлтээр муу ажилласан нь тогтоогдсон. ... филлер тарилгыг сохрох эрсдэлтэйг эмнэлгийн зөвлөмж заавраас нуусан, эрсдэлийн протоколгүй байсан, филлер тарилгыг духанд тарих ёсгүйг наад захын филлер тарилгыг үйлдвэрлэгчийн албан ёсны веб сайтаас хараагүй гэх мэт батлагдсан алдаатай хангалттай нотолгоо баримт байсаар… хэмээн шүүх хурлын үеэр ярьсан байна.
Түүний хэлж байгаагаа Синдерелла эмнэлэг нь Монгол улсад бүртгэлгүй тарилга оруулж ирж, үйлчлүүлэгчийнхээ нүдийг сохолсон үйлдэл нь
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль бусаар эм эмбиобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх” гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагаа, прокурор шалгалгүй орхигдуулсан байж болзошгүй нөхцөл тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл эмнэлгийн захирал нь анхнаасаа Монгол улсад бүртгэлтэй тарилга оруулж ирсэн, түнийг нь “Синдерелла” эмнэлгийн эмч тарьсан нь бүлэглэн хэрэг юм. Гэтэл цагдаа, прокурорын хувьд зөвхөн “Синдерелла” эмнэлгийн эмчийг л яллаж байгаагаас хам хэрэгтнээр татагдах ёстой эмнэлгийн захирлыг орхигдуулсаар байна.
Хамгийн ноцтой нь энэ хэрэгт эмнэлгийн захирал огт ял аваагүй аж. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “Синдерелла” эмнэлгийн эмчид Баянзүрх дүүргээс гарч болохгүй гэсэн ял оноожээ.
Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчээ сохолсон эмнэлгийн захирал хариуцлагаас мултарч, эмч нь ял шийтгүүлсэн нэртэй үлдэж үйлчлүүлэгчээ хохирсон дээр нь нэмж хохироосоор байна.
скачать dle 12.0