Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэнд болон Боловсролын яамны төлөөлөлтэй уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр арванхоёрдугаар сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэх “Өндөр эрсдэлтэй” гэж гарсныг ЭМЯ танилцууллаа. Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх санал гаргажээ. Харин Боловсролын яам уг саналыг шууд хүлээн авах боломжгүй гэв.
Арванхоёрдугаар сарын 01-нээс сурагчдыг амрааж эхэлбэл ид хүйтний үед амралт дуусаж, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ гэсэн П.Наранбаяр сайдын асуултад ЭМЯ баталгаа өгч чадахгүй байна.
Цахимд шилжүүлсэн тохиолдолд сургалтын үйл ажиллагааг тасалдалгүй, чанартай зохион байгуулахад онцгой анхаарахыг сануулав. Мөн ханиад хүрсний улмаас хичээлдээ явж чадахгүй байгаа хүүхдүүдэд цахимаар хичээлээ хийх боломжоор хангахыг даалгалаа.
Иргэдийг бухимдуулахгүй, зөв зохион байгуулалт хийж, эмнэлгийн ачааллыг яаралтай бууруул. Зөвлөгөө өгөх, цахимаар цаг авах нээлттэй утас ажиллуулах хэрэгтэй. Хүүхдээ үзүүлэх гэж олон цагаар дугаарлаж буй асуудлыг шийдвэрлэж, үзлэгийн төв нээхийг Ерөнхий сайд Г.Занданшатар ЭМЯ-ныханд онцгойлон санууллаа.