Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өнөөдөр (2025.02.25) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй албан ёсны уулзалт хийлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын даргын хувиар гадаад айлчлалаа мөнхийн хөрш БНХАУ-аас эхэлж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид мэндчилгээ дэвшүүлснийг уламжлав. Тэрбээр, Монгол-Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэгийг дурдаад, хоёр талын парламент уламжлалт, найрсаг сайхан харилцаатай төдийгүй харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.