Улс төрийн намын тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Тус хуулинд улс төрийн нам банкны зөвхөн нэг данстай байхаар зохицуулснаас үүдэн намын шат шатны байгууллагын үйл ажиллагаа санхүүгийн төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээтэй холбоотойгоор зогсонги байдалд орох, хугацаа алдах зэргээр хүндрэл үүссэн гэнэ. Энэ нь улс төрийн намын орлогын эх үүсвэр, зарцуулалт ил тод, нээлттэй байх хуульд заасан шаардлага хангагдах боломжгүйд хүргэж, иргэдийн улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох эрхийг бодитой эдлүүлэх эрх зүйн баталгаа хангагдахгүй байна гэж үзжээ. Мөн Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намуудад санхүүжилт олгох, санхүүжилтийн хэмжээнээс хамаарч намын бусад орлогын хэмжээнд хязгаарлалт тогтоож байгаа нь намын үйл ажиллагаа тогтвортой явуулах, санхүүгийн хувьд дотооддоо бэхжих боломжийг хааж буй хэлбэр гэж хууль санаачлагч тодотгов.