Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдөр (2025.10.24)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ үг хэлж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 08 тоот дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурал цааш цаашдаа Үндсэн хуулийг зөрчихгүйн тулд, уг дүгнэлтийг хүлээн авахын тулд өнөөдрийн нэгдсэн хуралдааныг түр завсарлуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.