Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2025.02.04/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжиллээ.Сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан сонсголын дэг, журам, дарааллыг танилцуулав. Өнөөдрийн сонсголын гол ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэжээ.
Ерөнхий хяналтын өнөөдрийн сонсголд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ж.Золжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, М.Ганхүлэг, С.Одонтуяа, М.Нарантуяа-Нара, Б.Жаргалан, С.Эрдэнэболд, П.Батчимэг, Б.Найдалаа, С.Замира, Д.Рэгдэл, Л.Мөнхбаясгалан нар болон төрийн байгууллагаас 29, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 60, долоон шинжээч, нийт 96 хүн оролцов.
Тэрбээр мэдээлэлдээ, дэд хэлэлцүүлэгт Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Агаар, орчны бохирдолд зарцуулсан төсвийн сүүлийн 15 жилийн тойм”, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Агаарын бохирдлыг бууруулах асуудлаарх эрх зүйн орчин, төсөл, арга хэмжээнд зарцуулсан хөрөнгө, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”, Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, санхүүжилт, үр дүн”, “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Х.Ариунзаяа “Бодлого шийдвэр, санхүүжилт, зарцуулалт” сэдвээр тус тус илтгэл тавьсныг дурдаад илтгэлтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцож буй 33 иргэн, Улсын Их Хурлын таван гишүүн асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа./дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/
Дээр дурдсан хэлэлцүүлэгтэй холбогдуулан шинжээчийг дүгнэлтийг Г.Жавхлан танилцуулав.
Түүнчлэн агаарын чанарын стандартын өөрчлөлтөөр хүхэрлэг хий, азотын давхар исэлийн хүлцэх агууламж, зөвшөөрөгдөх хэмжээг нэмэгдүүлсэн байгааг шинжээч дүгнэлтдээ дурдсан.
Түүнчлэн тэрбээр энэ хүрээнд нийт дүнгээр 295,9 тэрбум төгрөгийн 147 алдаа, зөрчил илэрсэн бөгөөд үүнээс улсын төсөвт эргэн төлүүлэх 1.9 тэрбум төгрөгийн 18 төлбөрийн акт, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн 101.5 тэрбум төгрөгийн 6 асуудал, зөрчил арилгуулах, таслан зогсоох, дахин давтан гаргуулахгүй байх 143.6 тэрбум төгрөгийн 55 албан шаардлага, ажлын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, бүртгэлээр илэрсэн алдааг арилгуулах чиглэлээр өгсөн 48.9 тэрбум төгрөгийн 68 зөвлөмж байсныг шинжээч дүгнэлтдээ онцолсон.
Шинжээчийн дүгнэлтэд утааны эсрэг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үйл явц, хэрэгжилтийн үүрэг, хариуцлагыг тодорхойлж чадаагүй, харилцан хамаарал, уялдаа холбоо хэрхэн хангагдаж ирсэн нь тодорхой бус байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн хангалтгүй, санхүүжилт, зарцуулалтын үр ашиг бага, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажил хангалтгүй байна гэж дурджээ.
Үргэлжлүүлэн “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал товч мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд хэлэлцүүлэгт салбарын эрдэмтэн судлаачид, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл нийт 70 гаруй хүн оролцож, 28 хүн зуух, түлшний технологийн шийдлүүдийн хүрээнд танилцуулга хийснийг онцлов./Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/.
1 Сэтгэгдэл