Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг

Хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд
Хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдаа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хүндэт ард иргэд ээ,

    Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн хугацаандаа дэлхийн болон Монголын парламентын түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй онцгой нөхцөлд эхэлж байна. 
    Коронавирусийн цар тахал дэлхийн 211 улсад тархаж халдварласан хүний тоо 1.2 саяыг давж, 70 шахам мянган хүн энэ өвчнөөр хорвоог орхилоо. Харамсалтай нь энэ тоо өдөр бүр өсөн нэмэгдэж байна. 
    Монгол Улсын төр, засгаас өвчний  халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр оновчтой, шуурхай шийдвэрийг цаг алдалгүй гарган, хэрэгжүүлж байна. 


    Ард иргэд маань төрийн шийдвэр, иргэний үүргээ нэн хариуцлагатай, ёсчлон биелүүлж байгаад талархал илэрхийлье.
    Энэ бүхний үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэрийн дотоодоос вирусийн халдварын тохиолдол илрээгүй байна. Зөөвөрлөгдөн орж ирсэн 15 тохиолдлыг цаг алдалгүй илрүүлж, тархалтаас амжилттай сэргийлэн, зөв сайн эмчилж чадсаны үрээр, түрүүч нь эдгэрч орон гэр, хайртай хүмүүстэйгээ учран золгож байна. 
    Халдварын эрсдэлт голомтод амь биеэ үл хайрлан, ар гэр, ахуй амьдралаа умартан ажиллаж, эмчийн тангаргаа нэр төртэй сахин биелүүлж оношилж, эмчилж, эдгээж буй ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр, лабораторийн эрхлэгч, доктор Б.Дармаа тэргүүтэй эмч, сувилагч, резидэнт нар, тусгаарлах төвүүдэд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, нийт ажиллагсдад баяр талархал илэрхийлье.
    Дөнгөж сая, чуулганы хуралдаанд орж ирэхийн өмнө Ц.Чинбаяр эмчтэй утсаар ярьж баяр хүргэж, талархал илэрхийлээд, санал хүсэлтийг нь сонслоо. Багийнхаа гишүүдийн хамт 2 хүнийг эмчлэн эдгээж, 13 өвчтөнийг эмчилж буй энэ гайхалтай эмчид “Та нэг хариад, амсхийгээд ирэхгүй юм уу” гэж хэлэхэд “Өвчтөнүүдээ эмчилж, үр дүнг нь харж байж харина аа. Ар гэрээсээ зөвшөөрөл авсан. Би яах вэ, улс орны маань санхүү ямар байгаа бол? Эм, эмнэлгийн хүрэлцээ, хангамжид анхаараарай. Манай Сайд биднийг бүх талаар дэмжин тусалж, шаардлагатай бүхий л нөхцөлийг хангахын төлөө ажиллаж байгаа шүү” гэхийг сонсоод бахархах, хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрлөө. 
    Улс үндэстнийхээ аюулгүй байдал, иргэдийнхээ эрүүл энхийн манаанд найдвартай зогсож буй Монгол Улсын Засгийн газар, Эрхэм гишүүн Даваажанцангийн Сарангэрэл сайд, Эрүүл мэндийн яамны нийт ажилтан, эмч, мэргэжилтнүүд, өнөөдрийн чуулганы нээлтэнд цахимаар оролцож байгаа Г.Нямхүү захиралтай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
    Төрийн шийдвэрийг гардан хэрэгжүүлж, удирдлага, зохион байгуулалтаар ханган, хорио цээрийн бүсэд цаг наргүй ажиллаж, албаны үүргээ онц сайн гүйцэтгэж буй Улсын онцгой комисс, онцгой байдал, хил хамгаалах, гааль, цагдаа, мэргэжлийн хяналт, төрийн тусгай байгууллагын нийт албан хаагчдад гүн хүндэтгэл илэрхийлье.
    Та бүхэндээ хууль тогтоох дээд байгууллага Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын эрхэм гишүүд гүнээ хүндэтгэл үзүүлж байгааг хүлээн авна уу. Монгол хүний эрүүл мэнд, саруул ирээдүйг бүхнээс дээдлэн, бат найдвартай сахин хамгаалж буй эдгээр “манай үеийн баатрууд”-аас үлгэр дуурайл авч төрийн албаны бүх түвшинд хатуу чанд хариуцлагатай, илүү цэгцтэй, дэг журамтай байж, ёс зүйг дээдлэн хүн ардынхаа төлөө улам бүр хичээж ажиллахыг нийт төрийн албан хаагчдад анхааруулж, уриалъя. 

    Эрхэм гишүүд ээ, 
    Энэ онцгой цаг үед ҮАБЗ, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нягт хамтран ажиллаж, шуурхай шийдлүүдийг гаргасаар ирлээ. Чуулганы завсарлагааны үеэр парламент тасралтгүй ажиллалаа. УИХ, Засгийн газрын ажлын хэсгүүд үйлдвэр, аж ахуй, эм хангамжийн байгууллага, хүнсний захуудаар явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Засгийн газар, төр, хувийн хэвшлийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллаж, уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, шуурхай шийдвэрүүдийг гаргаж ажилласан.  
    Эдийн засгийг дэмжих, тэлэх, хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах, малчдын орлогыг бууруулахгүй байх, ноолуур үйлдвэрлэгчдээ дэмжих, банкны салбарын реформ, зээл, зээлийн хүүгийн төлөлтийг тодорхой хугацаагаар зогсоох буюу хөнгөлөх чиглэлээр Эрхэм гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан нараар ахлуулсан ажлын хэсгүүд үр дүнтэй ажиллаж, Засгийн газарт санал дүгнэлтээ танилцуулан, үүрэг чиглэл өгч, нягт хамтран ажилласныг цохон тэмдэглэж байна.
    Шүүхийн багц хууль, УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулах, иргэдийн өргөдөл гомдлыг шалган шийдвэрлэх гээд цаг үеийн тулгамдсан болон зорилтот асуудлуудаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, М.Оюунчимэг нарын ахалсан ажлын хэсгүүд идэвхтэй ажилласныг цохон тэмдэглэж байна. Л.Өлзийсайхан даргатай УИХ-ын Тамгын газар ч цаг наргүй ажиллаж арга зүй, судалгаа шинжилгээгээр хангаж, гүйцэтгэл өндөртэй ажиллалаа.
    Ажлын үр дүн ч гарсан. Хүнсний хангамжид доголдол үүссэнгүй. Маск, ариутгалын бодисын үйлдвэрлэл, хангамж нэмэгдлээ. Монголбанкнаас бодлогын хүүгээ бууруулж, 65 мянган иргэдийн ипотекийн зээлийн төлбөрийг 3 сараар хөнгөлж, хойшлуулах шийдвэр гаргалаа. Заавал байлгах нөөц, активын ангиллын журмуудыг хөнгөлж, чөлөөлсөн багц арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Зорилтот бүлгийн зээл, хүүгийн хугацааг хойшлуулах, тохируулга өөрчлөлт хийхээр  шийдвэрлэж, ажиллаж байна.  
    Ажлын хэсгүүдийн хийсэн судалгаа, дүгнэлт дээр үндэслэн Засгийн газраас цогц арга хэмжээ авч, Эдийн засгийг дэмжих 5 их наядын багц төлөвлөгөө, холбогдох хууль тогтоомжийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байна. Энэ 7 хоногт хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. 
    Ажлын хэсгүүдийн ажлыг дэмжиж, шийдэмгий, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлж, иргэнээ дээдэлсэн төр байхын мөн чанарыг илтгэн харуулж байгаа Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт ард иргэдээс талархал илэрхийлснийг Та бүхэндээ уламжилъя. 
    “Сэтгэлд гал байвал зууханд гал олддог” гэдэг. Сэтгэл зориг гаргасан эрс шийдэмгий шийдлүүд амжилттай хэрэгжиж байгаагийн нэг жишээ нь утаагүй түлш юм.  Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, гамшгийн хэмжээнд хүрээд байсан хорт утааг бууруулсан ажлыг хаврын урь орсон өнөөдөр дүгнэж, сайн ажиллалаа гэж хэлж болохоор боллоо. 
    Утаа бууруулах чиглэлээр Засгийн газрын гаргасан шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, “Тавантолгой түлш” компанийн хамт олон, гүйцэтгэх захирал М.Ганбаатараар ахлуулсан сайжруулсан түлшний үйлдвэрийн хамт олонд баяр хүргэе. Дараа жил утааг дахин бууруулахыг үүрэг болгож байна. 
    Энэ дашрамд эдийн засгийг дэмжих, хөгжүүлэх, баялаг бүтээгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргаж, УИХ-тай нягт хамтран ажилласан МҮХАҮ-ийн танхим, ерөнхийлөгч О.Амартүвшин танаар дамжуулан хувийн хэвшлийн мянга мянган татвар төлөгчдөдөө талархал илэрхийлж байна. 
    Цаашид Онцгой байдлын сан байгуулж, зайлшгүй шаардлагатай арга хэмжээнд зарцуулах, банкны өр барагдуулах замаар халдварт өвчин, хорт хавдрын үйлчилгээний шинэ эмнэлэг байгуулах, эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс, урамшууллын асуудлыг шийдвэрлэх,  банкны салбарт реформ хийх зэрэг чухал арга хэмжээнүүдэд УИХ, Засгийн газартай хамтран хаврын чуулганы хугацаанд онцгой анхаарч ажиллана. 

    Эрхэм гишүүд ээ, 
    Монгол Улсын нийт иргэд ээ, 
    Тайвшрах цаг яагаа ч үгүй, дэлхий даяар нөхцөл байдал хүнд байна. Аюулт вирус хэчнээн хүнд халдварлахыг, дэгдэлт нь хэр удаан үргэлжлэхийг, ямар хэмжээний хор хөнөөл учруулахыг хэн ч яг таг хэлж мэдэхгүй байна. Дэлхийн улс төр, эдийн засаг, олон улсын харилцааны орчин ч тодорхойгүй, ээдрээтэй боллоо. 
    Тиймээс УИХ, Засгийн газар шинжлэх ухааны судалгаа дүгнэлт, технологийн дэвшил гол хүчин зүйл болсон энэ цаг үед асуудлыг 3 хувилбар буюу 3 өрнөлд судалж, тооцоолж, төлөвлөж ажиллаж байна. 
Үүнд, нэгдүгээрт, baseline scenario буюу коронавирусийн нөхцөл байдал муудахгүй энэ хэвээр үргэлжлэх, эсвэл ойрын хугацаанд сайжрах, хоёрдугаарт, risk scenario буюу халдвар гарч эрсдэл нэмэгдэх, гуравдугаарт, worst-case scenario буюу халдвар хүндэрч, нөхцөл байдал муудах гэсэн 3 өрнөлд үнэлэлт дүгнэлт өгч, эдгээр дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргаж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. 
    Коронавируст халдварын нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага сургамж, Монгол Улсад тулгарч буй сорилт, бэрхшээлийг харгалзан эхний ээлжинд Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тусгай горимоор хэлэлцэн батлах шаардлагатай байна.
    Онцгой нөхцөлийн үед хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэрэгтэй гэж иргэд маань үзэж байгаа. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хууль болон Онц байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, холбогдох хуулиудтай уялдуулан, нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Жадамбын Энхбаяр гишүүнээр ахлуулан ажиллуулж байна. 
    Түүнчлэн Эрүүл мэнд, Ариун цэвэр, Төрийн хяналт шалгалтын гэх мэт хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага гарч байгааг тэмдэглэе. 
    Эрхэм гишүүд ээ,  
    Та бид өнгөрсөн 30 жилийн сургамждаа дүгнэлт хийж Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан.  Энэхүү өөрчлөлт 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болохоор тусгайлан заасан. Энэ нь зөвхөн өдрийн сайныг сонгосон хэрэг биш ээ. Ээлжит сонгуулийн дараагаас эрх зүйн өөрчлөлтүүд бодитой хэрэгжиж эхлэх агуулгыг бодож, хаврын чуулганаар шийдвэрлэхээр хугацааг тооцсон шийдэл байсан. 
    Хаврын чуулганаараа бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” олон чухал хуулийг эрэмбэ дараатай хэлэлцэн баталснаар бүрэн зураглал нь гарах юм. Үр дүнд нь шударга, хариуцлагатай, тогтвортой, ёс зүйтэй, иргэнээ дээдэлсэн Монгол төр төгөлдөрших ёстой.  
    Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн бусад эрхүүд нь хязгаарлагдсан учир шинэчлэгдэн батлагдах Улсын Их Хурлын тухай хуулиар Гишүүд иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэгч, зөвхөн хууль тогтоогч болно. Шүүхийг хараат бус, шүүгчдийг шударга болгоход чиглэсэн Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулга “Шүүхийг ярьдаг хууль, хуулийг ярьдаг шүүх” болгоно гэдэгт итгэж байна. Энэ чиглэлээр манай Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг, Ц.Нямдорж сайдтай Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газар идэвхийлэн ажиллаж, хуулийн төслүүдээ өргөн барихад бэлэн болоод байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон холбогдох бусад хуулиудаар төвлөрөл саарч, аймаг сумын эрх, үүрэг нэмэгдэж, Монгол Улсад хот, хөдөө тэгш хөгжих боломжийг бүрдүүлнэ. Энэ чиглэлээр Д.Тогтохсүрэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, хуулийн төслийг өргөн барихад бэлэн болгоод байгаа. 
    Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санаатай нийцүүлж сонгуульд олонхи болсон намын дарга нь Ерөнхий сайдаар томилогдохоор Улс төрийн намын тухай хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр Үндсэн хуулийн 3.1-д заасанчлан ард түмэн гүйцэтгэх засаглалын тэргүүнээ дам сонгох эрх эдлэх болно. УИХ-ын сонгуулийн агуулга өргөжиж,  гүйцэтгэх Засгийн тэргүүнээ зарлаж, ил тод өрсөлдөх замаар ард иргэд Засгийн газрын тэргүүнээ гишүүдээр дамжуулж, шууд бусаар сонгодог болно. Энэ бол парламентын засаглалтай улсуудын нийтлэг жишиг, ардчилал  амилсан нийтлэг, үндсэн зарчим нь юм. Ард түмнээс мандат авсан Ерөнхий сайд мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлж тогтвортой, хариуцлагатай ажиллах хууль эрх зүйн орчин ингэж бүрдэх учиртай. Энэ бүхэн нэг цогц өөрчлөлт болсноор ардчилал төгөлдөршиж, тогтвортой засаг, хариуцлагатай төр төлөвшинө. 
    “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэсэн ардын зүйр үг бий. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эхэлсэн эрх зүйн хувьсгалыг төгс төгөлдөр хэрэгжүүлэхийг Эрхэм гишүүдээсээ хүсье. 
    Коронавирусийн дараа дэлхий өөрчлөгдөнө. Хиймэл оюун ухаан, цахим хувьсгал, биологийн аюулгүй байдал хурцаар тавигдаж, хүн төрөлхтний ёс суртахуун, оюун санааны цогц нэгдлийн үзэл санаа дэвшигдэн, дэлхийн шинэ дэг журам тогтох тухай эрдэмтэн, судлаачид ярьж байна. 
Онцгой нөхцөлд хүмүүс амьдралаа, төр засгууд улс орноо эрсдэлээс хамгаалж, гарз хохирол бага амсахын тулд шинэ зам руу гарч, шинэ туршилтууд хийгдэж эхэллээ. Олон жил ярьсан цахим засаглал, дижитал шилжилтийг хийх томоохон туршлагыг бид хуримтлуулж байна. Энэ чиглэлээр Н.Учрал гишүүний ахалсан Цахим бодлогын түр хороо шаргуу ажиллахыг үүрэг чиглэл болгож байна. 
    Эрүүл мэнд, боловсролын салбарт цэгцтэй, оновчтой, бүрэн шинэчлэл хийхийг цаг үе шаардаж байна. Эдгээр салбарт техник, технологийн шинэчлэлтийг далайцтай, зоримог хийх хэрэгтэй болжээ. Эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсролын салбарын ажиллагсдын цалин хөлс, урамшуулал, орон тоо, бүтцийг ч хамтад нь шийдвэрлэх шаардлагатай. Энэ талаарх бодлого боловсруулах, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх чиглэлд Улсын Их Хурал хаврын чуулганаараа анхаарч ажиллах болно.    
    Товчхондоо сүүдэрт ч цэцэг ургадаг гэдгийг санаж энэхүү бэрхшээл сорилтыг шийдэл, шинэ боломж болгоцгооё гэж уриалж байна.
    Эрхэм хүндэт иргэд ээ,
    Бид нэг л эх оронтой, нэг л агаартай, нэг л газар шороотой, эцэг дээдсийн үр сад, ахан дүүс билээ. Нэг нь нийтийнхээ, нийт нь нэгийнхээ төлөө гэсэн ухамсар, хариуцлага нэн чухал байгааг сануулж хэлье.
    Аюул, түгшүүр нүүрлэсэн энэ цаг үед ард иргэд маань эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа. Гэхдээ бид үүнээс ч илүү ихийг хийж чадна. Үүний тулд эв санааны нэгдлээ өнөөдрийнх шиг, үүнээс ч илүү сайн эрхэмлэн дээдлэх учиртай. 
    Үүссэн хямралт байдлыг дэлхий дахин дайнтай зүйрлэх боллоо. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн коронавирустэй дайн зарлаад байна. “Гадна талд дайн дэгдэхэд дотоодод хүч нэгтгэгддэг” гэдэг үг бий.  Монголчууд бид улс төрийн хийрхэл, талцлаас татгалзаж, эв санааны нэгдлийг эрхэмлэж, хүчээ нэгтгэх цаг иржээ. Ингэж чадвал бид коронавирусийг ялах сайн өдөр удахгүй ирнэ. 
    Ийм учраас төрийн эрх барих дээд байгууллага УИХ энэ хаврын чуулганаараа эв санаа, ойлголцол зөвшилцөл, ёс суртахууны дэвшил гаргах үйлсийг манлайлж, үлгэр жишээ үзүүлж, нэгдэн хамтарч ажиллая гэж уриалж байна. 
    Улсаа хөгжүүлэх, шударга ёсыг тогтоох зорилго, хариуцлагатай, бүтээгч иргэнтэй шинэ Монголыг цогцлоох Шинэ эрмэлзлийн бэлгэ тэмдэг нь Эв санааны нэгдэл байх болно.
    Эв нэгтэй, цэгцэрсэн, хөгжсөн Монголынхоо төлөө хүн бүр хичээж, хамтдаа зүтгэцгээе. 
    Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

3 Сэтгэгдэл

  1. LuckyCola888

    Start your gaming session with a healthy bankroll Lucky Cola

Next Post
  • Шинэ мэдээ