![]()
Зураг (Володимир Зеленский): president.gov.ua / Wikimedia Commons, CC BY 4.0
Трамп Зеленскийг «хэзээ ч хэлэлцээр хийдэггүй» гэж шүүмжилж, шинэ ерөнхийлөгч хэрэгтэй гэсэн байна. Мөн энэ дайн хэзээ ч эхлэх ёсгүй байсан, хэрвээ 2022 онд өөрөө ерөнхийлөгч байсан бол дайн эхлэхгүй байсан, учир нь үүнд «чадваргүй байдал» буруутай гэж хэлжээ. Тэрээр Украин нутгийнхаа 30 хувийг алдсан гэж мөн дурдсан. Түүний шүүмжлэлийн гол сэдэв нь Киевийн Оросын нефтийн боловсруулах үйлдвэрүүд рүү хийж буй цохилтууд бөгөөд үүнийг АНУ-ын дизелийн өндөр үнэтэй холбон тайлбарлав. АНУ-д завсрын сонгууль ойртож байгаа тул түлшний үнэ улс төрийн чухал сэдэв болоод байна.
Үүнтэй холбоотойгоор Трамп өнгөрсөн баасан гарагт Владимир Путинтэй АНУ руу дизель нийлүүлэх тохиролцоонд хүрснээ зарласан. Эхлээд 300 мянга гаруй тонн, 11 дүгээр сард 500 мянга, дараа нь 1 сая тонн, цаашид нэмж 3 сая тонн нийлүүлэхээр ярьсан гэнэ. Харин өнгөрсөн сард Трамп өөрөө Оросын газрын тос, байгалийн хийн орлогыг онилсон хатуу хориг арга хэмжээний хуульд гарын үсэг зурсан байсан тул энэ нь хоорондоо зөрчилтэй харагдаж байна.
Киевийн хариу хурц байлаа. Гадаад хэргийн сайд Андрий Сыбига Зеленскийг украинчууд дэмждэг, түүний ирээдүйг шийдэх эрх зөвхөн украинчуудад бий гэж хэлсэн. Зеленский өөрөө дизелийн тохиролцоог Оросын цохилттой холбон, Москва хоригийг сулруулсанд нь «талархаж» Запорожье дахь орон сууцны барилгууд руу гулсуулагч бөмбөг хаяж байна гэж мэдэгдэв. Нэмэлт орлого нь Оросын зэвсэг, дроны үйлдвэрлэл, цэрэг элсүүлэхэд зарцуулагдана гэж тэрээр анхааруулав. Мөн Франц, Финляндын ерөнхийлөгчидтэй агаарын довтолгооноос хамгаалах асуудлаар ярилцсан, Шахед дроныг тусгайлан сөнөдөг F-16 онгоцны сум удахгүй ирнэ гэжээ.
Европын холбоотнууд Оросоос дизель авах тохиролцоонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, хоригоо үргэлжлүүлнэ гэдгээ хэлсэн. Орос улс Запорожьег бөмбөгдсөөр байгаа бөгөөд өнгөрсөн бямба гаригт л хамгийн багадаа 20 хүн амиа алдсан, сүүлийн дөрвөн өдөрт 60 орчим хүн нас барсан байна. Дайн эхлээд дөрвөн жил хагас өнгөрсөн ч хоёр тал одоогоор холын зайн агаарын цохилтоор тулалдаж, газрын фронт нилээд тогтвортой байна.
Эх сурвалж: Аль-Жазира
скачать dle 12.0