Харааны бэрхшээлтэй хүүхдийн ганц сургууль 62 жилийн настай барилгадаа суулт өгч, цууралт үүсчээ

Брайл бичгээр унших гар

Зураг (Брайл бичгээр унших гар): HistoryOfPlace / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог хэрэгцээнд тулгуурлан боловсрол олгодог Монгол дахь цорын ганц сургууль нь 116 дугаар сургууль юм. Тус сургуулийн барилга 1964 онд баригдсан бөгөөд ашиглалтад орсноос хойш 62 жил өнгөрчээ.

Сургуулийн сургалтын менежер Ууганчимэг өчигдөр болсон “Боловсролын салбарын төсөв” хэлэлцүүлэгт оролцохдоо барилгын ашиглалтын хугацаа дууссан, суулт өгч цууралт үүссэн, харааны бэрхшээлтэй хүүхдийн онцлогт нийцэхгүй байгааг хэлсэн. Түүний мэдээлснээр сурагчдын 30 хувь нь сул болон үлдэгдэл хараатай, 70 хувь нь тэг хараатай.

Улсын хэмжээний ганц сургууль учраас орон нутаг, алслагдсан дүүргээс хүүхдүүд суралцахаар ирдэг ч зориулалтын дотуур байр байхгүй. Иймд хичээлийн байрны зүүн жигүүрийг дотуур байр болгон ашигладаг тул анги танхимын хүрэлцээ багасч, хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн ганцаарчилсан сургалтыг гурван ээлжээр явуулж, тарах цаг оройтох эрсдэл үүсдэг гэжээ.

Мөн хичээлийн болон дотуур байранд лифт байхгүй. Тиймээс тэргэнцэртэй хүүхдүүдийг эрэгтэй багш нар хуваарийн дагуу нэгдүгээр давхраас гуравдугаар давхар хүртэл, анги танхим, ариун цэврийн өрөө, цайны газар руу тэврэн, үүрч хүргэдэг аж. Сүүлийн жилүүдэд харааны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдсэн гэж тэрбээр хэлсэн. Тиймээс хичээлийн болон дотуур байрны цогцолборыг 2027 оны төсөвт тусгахыг хүслээ.

Энэ асуудалд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хариулжээ. Түүний хэлснээр 116 дугаар сургуулийн дотуур байрны зураг төслийн зардал Эдийн засаг, хөгжлийн сайдын 2026 оны багцад тусгагдаж, худалдан авах ажиллагаа зарлагдсан. Гэвч гэрээ байгуулах хугацаа зургадугаар сарын 3-нд таарсан байна. Хэмнэлтийн тухай хуулийн дагуу тавдугаар сарын 31-ний дотор гэрээ байгуулаагүй төсөв хэмнэлтэд тооцогддог тул дахин Эдийн засаг, хөгжлийн сайдын багцад тусгуулахаар санал өгсөн гэв.

Энэ асуудлыг УИХ-ын гишүүн О.Саранчулуун өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд Боловсролын сайдад хандан асуусан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын хүртээмж, аюулгүй орчин нь хөрөнгө оруулалтын хугацаанаас хэт хамаарч байгаа нь энэ тохиолдлоос харагдаж байна. Одоогийн нөхцөлд сургуулийн барилгын шийдвэр 2027 оны төсөвт тусгагдах эсэхээс шалтгаалах нь тодорхой.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ