Зураг (Тамхины хайрцаг): Alf van Beem / Wikimedia Commons, CC0
Улсын Их Хурал өнөөдөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Тус хуулийг 13 жилийн дараа анх удаа шинэчилж байгаа бөгөөд төслийг УИХ-ын 78 гишүүн өргөн барьсан юм.
Шинэчлэлийн гол агуулга нь энгийн янжуур тамхи болон цахим тамхи буюу вэйпийг адил зохицуулалтад оруулсан явдал. Хоёулаа хортой гэсэн үндэслэлээр адил татвар ногдуулж, адил хяналт тавина гэж УИХ-ын гишүүн А.Ариунзаяа мэдэгдлээ.
Мөн хуулиар амт, үнэр оруулсан тамхины бүтээгдэхүүнд хориг тавьсан. Жимсний амт, гаа зэрэг ямар ч амт, үнэртэй тамхийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улсад хэрэглэхийг хориглоно. Харин хамрын тамхи буюу уламжлалт монгол тамхинд энэ хориг хамаарахгүй гэдгийг гишүүн онцоллоо.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг “126 гишүүнтэй парламентад хуулийг олон талаас нь ширүүн мэтгэлцээнтэйгээр хэлэлцсэн” гэж ярьж, шинэчлэлт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэв. Тэрбээр 2030–2031 онд тамхидалтыг 13 хувиар бууруулах зорилт тавьсан гэдгээ хэлж, хэрэгжилтэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл хуулийн төслийг санаачлаад хоёр жилийн дараа батлагдаж байгаадаа талархаж, олон улсын байгууллагуудтай хамтран олон удаа уулзалт, хэлэлцүүлэг хийснийг дурдсан. Түүний хэлснээр хамгийн чухал үр дүн нь өсвөр насныхныг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн явдал юм.
Амттай, үнэртэй бүтээгдэхүүн залуучуудыг тамхинд татах нэг хүчин зүйл болдог тул энэ хориг нь өсвөр үеийнхэнд чиглэсэн урьдчилан сэргийлэлтийн алхам гэж үзэж болно. Харин хуулийн үр дүн нь хэрэгжилт, хяналтаас шалтгаалах бөгөөд зах зээлд гарах өөрчлөлтийг ирэх оноос ажиглах шаардлагатай болно.
скачать dle 12.0