![]()
Зураг (Дизель түлшний колонк): Tony Webster / Wikimedia Commons, CC BY 2.0
Зуны дизель түлшнээс өвлийн дизель түлшинд шилжиж буй энэ үед олон улсын зах зээлд дизель түлшний тонн тутмын үнэ 20 орчим хувиар нэмэгдсэн тул дотоодод дизелийн үнэ өсөх нь тодорхой болж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам өчигдөр мэдэгдлээ.
Яамнаас өгсөн мэдээлэлд Монополын эсрэг газрын үнэлгээг дурдсан байна. Албаныхан дотоодын тээвэр, шилжүүлэн ачилт, түгээх, борлуулах зэрэг аж ахуйн нэгжүүдийн зардал нэг төгрөгөөр ч өсөөгүй гэдгийг онцолж, үнийн өсөлтийг аль болох бага байлгахаар бүх талаас хамтран ажиллаж байна гэв. Монополын эсрэг газар үнийн дүнтэй уялдуулсан судалгаа хийж, хяналтаа хэрэгжүүлж байгаа аж.
Үнэ хэзээнээс нэмэгдэх вэ гэсэн асуултад албаныхан дараах тайлбарыг өгчээ. Нийлүүлэгч талууд өвлийн дизель түлшний захиалгыг 10 дугаар сард авдаг. 9 дүгээр сард орж ирсэн улирлын, өөрөөр хэлбэл зуны дизелийн борлуулалт аж ахуйн нэгжүүдэд есдүгээр сарын үнээр явагдана. Харин өвлийн дизель түлш нийлүүлэгчээс орж ирээд агуулахад хүргэгдсэн цагаас эхлэн аж ахуйн нэгжүүд орж ирсэн хугацаатайгаа уялдуулан үнээ өөрчилнө. Үнийн хэмжээ, нэмэгдэх тодорхой огноог яам хэлээгүй.
Шатахууны нөөцийн талаар яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай мэдээлэл өгөв. Түүний хэлснээр 10 дугаар сарын эхний 21 хоногт 42,334 тонн АИ-92 автобензин импортолсон бөгөөд өчигдөр 1,620 тонн орж ирсэн. Улаанбаатар төмөр замын хэмжээнд 57 вагон буюу 3,420 тонн АИ-92 байгаагаас 55 вагон, 3,300 тонныг агуулахуудад буулгаж байна.
Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар ердийн хэрэглээгээр тооцоход АИ-92 бензин 21,474 тонн буюу 10 хоног, АИ-95 бензин 1,567 тонн буюу 13 хоног, дизель түлш 112,800 тонн буюу 28 хоног, онгоцны түлш 7,400 тонн буюу 36 хоногийн нөөцтэй байна. Өчигдөр Улаанбаатар хотын 118 шатахуун түгээх станцад 800 тонн, орон нутгийн 63 станцад 680 тонн АИ-92 бензин ачилтад гаргажээ.
скачать dle 12.0