Азийн пара наадам: Э.Содномпилжээ алт хүртэж, Монголын баг дөрөв дэх алтаа авлаа

Нагоя хотын шилтгээн

Зураг (Нагоя хотын шилтгээн): Base64 / Wikimedia Commons, CC BY-SA 3.0

Японы Айчи мужийн Нагоя хотод болж буй Азийн пара наадмын гурав дахь өдөр буюу өчигдөр Монголын баг дөрөв дэх алтан медалиа зүүлээ. Пара поуэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ аваргалав.

Энэ жинд найман тамирчин өрсөлдсөн. Э.Содномпилжээ эхний оролдлогоор 231 кг, хоёр дахь оролдлогоор 236 кг, гурав дахь оролдлогоор 246 кг-ыг өргөжээ. Эхний оролдлогоор 245 кг өргөсөн Иран улсын Алиакбар Жарибшахи хоёр, гурав дахь оролдлогод 252 кг захиалсан ч эрүүл мэндийн шалтгаанаар гүйцэтгэж чадсангүй. Ингэснээр Э.Содномпилжээ алт, Ираны тамирчин мөнгөн медаль хүртэж, хүрлийн эзнээр БНХАУ-ын Лиан Жиү тодорлоо.

Энэ амжилтаар Монголын шигшээ баг дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай болж, медалийн чансаагаар 13-т жагсаж байна. Өмнөх өдрүүдэд таеквондогийн төрлөөр Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, жүдогийн төрлөөр Л.Туруунаа нар алтан медаль хүртсэн юм.

Наадам 10 дугаар сарын 18-наас 24-ний өдрүүдэд болж, 45 орны 4,000 орчим тамирчин спортын 18 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс 10 спортын төрөлд 44 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Харин наадмын үеэр гурван улсын төрийн дууллыг андуурч эгшиглүүлсэнд Нагоя хотын захирагч уучлалт гуйсан тухай мэдээлэл бас гарчээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ