Зураг (Улаанбаатарын оройн түгжрэл): Yaan / Wikimedia Commons, CC BY-SA 3.0
Улаанбаатар хотын авто зогсоолын ашиглалт, менежментийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэг өнөөдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл зогсоолуудад хяналт шалгалт хийнэ.
Ажлын хэсэг нийтийн эзэмшлийн зам, талбай дахь төлбөртэй болон нийтийн хэрэгцээний ил, төвлөрсөн авто зогсоолуудын үйл ажиллагааг газар дээр нь шалгана. Зогсоолын зөвшөөрөл, төлбөр, холбогдох стандартын хэрэгжилт, орц гарцын нөхцөл, зөвшөөрөл олгосон газрын зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг тогтооно.
Ажлын хэсэгт Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Тээврийн цагдаагийн алба, «Улаанбаатар авто зогсоолын менежмент» ХХК-ийн албан хаагчид орсон байна.
Цаашид хийх ажил
Тэд цаашид авто зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээний стандартыг олон улсын жишиг, сайн туршлагад нийцүүлэн шинэчлэх, зогсоолын байршил, бүсчлэлд үндэслэн төлбөрийн ялгаатай тариф тогтоох, нийтийн эзэмшлийн авто зогсоолын төлбөр хураах журам болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулна.
Одоогийн байдал
Одоогоор 84 байршилд авто зогсоол ажиллуулдаг 54 ААН нийслэл хоттой гэрээ байгуулан ажиллаж байна. Эдгээр зогсоол өдрийн 12 цагийн тарифтай бөгөөд НИТХ-ын 2011 оны тогтоолоор нэг цагийн төлбөр 1,500 төгрөг байдаг. Харин хувийн ААН-үүд авто зогсоолын үнэ тарифыг өөрсдөө тогтоодог гэдгийг албаны хүн танилцуулсан.
Орлого
Энэ жил 4,500 орчим авто зогсоолын төлбөрөөс 2.4 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн Замын санд төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Авто зогсоолоос 2024 онд 950 сая, 2025 онд 1.6 тэрбум төгрөгийн орлогыг Замын санд төвлөрүүлсэн тул энэ жилийн төлөвлөгөө өнгөрсөн жилийнхээс 50 хувиар их байна.
скачать dle 12.0