![]()
Зураг (Улаанбаатар дахь Нэгдүгээр төв эмнэлэг, жишээ зураг): Chongkian / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүн Т.Мөнхсайханы өргөн барьсан Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төсөл батлагдвал эмчлэх эрхийн лиценз, тусгай зөвшөөрлийг Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн холбоо олгодог болно.
Т.Мөнхсайхан хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хамт энэ төслийг танилцууллаа. Одоо эмчлэх, сувилах эрхийн лицензийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв хариуцаж байгаа бөгөөд «төр бүх зүйлийг хариуцахаа болъё» гэж тэрбээр тайлбарлав. Олон улсын жишгийн дагуу эдгээр эрхийг эрүүл мэндийн ажилтны нэгдсэн холбоо олгох бөгөөд давхардал үүсэхгүй гэж тэрбээр хэлсэн.
Гишүүдийн асуулт
Гишүүн Б.Бейсен төслийн талаар хэд хэдэн асуулт тавилаа. Тэрбээр эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны асуудал, эмнэлгүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн асуудал хуульд тодорхой тусгагдаагүй байна гэв. Мөн зөвшөөрөл олгох, сунгах эрхийг төрийн байгууллагаас мэргэжлийн холбоонд шилжүүлбэл хяналт хэрхэн хэрэгжих, холбоод шийдвэр гаргах хүний нөөцийн бололцоотой эсэх, чиг үүрэг давхцах эсэхийг лавласан. Түүнчлэн орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулахад шаардлагатай 65 тэрбум төгрөгийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх, төр болон хувийн хэвшлийн ажилтны нийгмийн баталгааг хэрхэн хангах талаар асуусан байна.
Санаачлагчийн хариу
Т.Мөнхсайхан 65 тэрбум төгрөгийн тооцоолол өрөөсгөл, төсөвт ачаалал нэмэгдэхгүй гэж хариулав. Эмч нар тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмжийг өрх, сумын эмнэлэгт очиж ажилласан тохиолдолд 40 хувиар нэмнэ гэнэ. Жилд 1,000 орчим эрүүл мэндийн ажилтан тэтгэвэрт гарах тэтгэмж авдаг бөгөөд эмч нар сум, өрхийн эмнэлэгт очиж ажиллавал жилд 1.8-2 тэрбум төгрөгийн зардал гарна гэж тэрбээр тооцоолсон. Харин эрүүл мэндийн ажилтны нэгдсэн холбоо байгуулах зардал төсвөөс гарахгүй, холбоо үйл ажиллагаагаа өөрөө санхүүжүүлнэ гэжээ.
Б.Бейсен төр хариуцахгүй байя гээд яамнаас холдуулж болохгүй, нэгдсэн удирдлагатай байх нь зөв гэсэн байр суурьтай байв. Тэрбээр 2022 оноос хойш долоон сайд солигдсоныг онцлоод, «Эрүүл мэндийн хөгжлийн төвөө дахиад самарна гэсэн үг үү» гэж лавласан. Т.Мөнхсайхан төр болон Эрүүл мэндийн яам оролцохгүй гэсэн үг биш, яам хяналт тавих эрхтэй хэвээр байна гэж хариулав. Мөн нийгмийн эрүүл мэндийн асуудлыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, эмийн асуудлыг Эмийн агентлаг, санхүүгийн асуудлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хариуцдаг ч эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулдаг байгууллага алга гэдгийг дурдсан.
Нэгдсэн хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлэг энэ төслийн асуудлаар ажлын таван хоногийн завсарлага авсан гэж мэдээлэв.
скачать dle 12.0