«Сэлбэ ухаалаг хот»-ын 113 блок орон сууцны 15-д нь барилгын ажил эхлээгүй байна

Улаанбаатар дахь орон сууцны барилгын ажил

Зураг (Улаанбаатар дахь орон сууцны барилгын ажил, жишээ зураг): Ludovic Hirlimann / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг «Сэлбэ ухаалаг хот» төслийн орон сууц, авто зогсоолын борлуулалтыг эхлүүлэх эрх олгох саналыг ирэх долоо хоногийн НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх эсэх талаар байр сууриа нэгтгэжээ. Төслийн 113 блокийн 15-д нь барилгын ажил огт эхлээгүй байна.

Сэлбэ хотын 113 блок бүхий 8,575 айлын орон сууц барих ажлыг нийслэлээс гаргасан ₮1.6 их наядын гадаад бондоор санхүүжүүлж байна. «Сэлбэ 20 минутын хот корпорац» ХХК-ийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатар өнөөдрийн байдлаар 113 блокоос 15-д нь барилгын ажил эхлээгүй гэдгийг танилцууллаа.

Үүнээс 11 блок буюу нэг багцын ажил тендерт шалгарсан компанийн гэрээг цуцлах шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор эхлээгүй байна. Харин газар чөлөөлөлтөөс болж хоёр багцын хоёр, хоёр буюу нийт 4 блокийн барилга угсралтын ажил хойшилжээ.

Төслийг бүрэн санхүүжүүлэхэд 700 орчим тэрбум төгрөг шаардлагатай тул орон сууцны борлуулалтыг яаралтай эхлүүлж, хөрөнгө оруулалтын мөнгөө олохыг зорьж байгаа гэнэ.

Газар чөлөөлөлт

Төв зам дагуух олон нийтийн бүсэд худалдаа, үйлчилгээний барилга барих 4 гаруй га газар чөлөөлөгдөөгүй байна. Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, газар эзэмшигчидтэй нэг бүрчлэн хэлэлцээ хийж байгаа аж. Өнгөрсөн хоёр жилд 157 га газрыг 500 орчим тэрбум төгрөгөөр чөлөөлсөн ч зарим талбай чөлөөлөгдөөгүй хэвээр байгааг Б.Мөнхбаатар хөндлөө.

Дүрэмд оруулах өөрчлөлт

Борлуулалт эхлэхтэй холбоотойгоор «Сэлбэ 20 минутын хот корпорац» ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа явуулах эрх олгох санал гарчээ. Мөн «Гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах тухай» хуульд бүх орон сууцны хөрөнгийг санд төвлөрүүлэхээр заасан байдаг. Үүнийг өөрчилж, хөрөнгийн тодорхой хэсгийг санд шилжүүлэх тухай заалтыг дүрэмд оруулах санал тавьсан байна.

Гүйцэтгэл

2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар Сэлбэ дэд төвийн төслийн нийт гүйцэтгэл 39.8 хувьтай, орон сууцны долоон багцын барилга угсралтын ажлын дундаж гүйцэтгэл 26.2 хувьтай байна. Эдгээр саналыг ирэх долоо хоногт болох НИТХ-аар хэлэлцэхээр боллоо.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ