![]()
Зураг (тайлбар: Улаанбаатарын Энхтайваны өргөн чөлөө): Honza Soukup from Czech Republic / Wikimedia Commons, CC BY 2.0
Нийтийн тээврийн автобуснууд нэг талдаа гарч хүлээгдэл үүсгэсэн тухай Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газар мэдээлэл хийлээ.
Газраас өгсөн тайлбарт «Аравдугаар сарын 23-ны өдөр Баянхошууны эцэст автобус нэг талдаа гарч, цайны цаг хэмээн олноороо зэрэг зогсож, иргэдэд чирэгдэл учруулж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан» гэжээ. Мэдээллийн мөрөөр Нийтийн тээврийн бодлогын газрын Авто тээврийн хяналтын байцаагч нар шалгалт хийж, жолооч нарын буруутай болохыг тогтоосон байна.
Зөрчлийн тухай хуулийн 14.6-9-д заасны дагуу жолооч нарыг хорин таван нэгжтэй тэнцэх буюу 25,000 төгрөгөөр торгож, дахин зөрчил гаргахгүй байхыг хатуу сануулжээ. Зөрчлөө давтсан тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан аж.
Харин өнөөдөр (2026.10.26) нийтийн тээврийн үйлчилгээний Ч:25 чиглэл нэг талдаа гарч хүлээгдэл үүссэн байна. Шалтгаан нь Дарь-Эхийн шатахуун түгээх станцаас шатахуун авахаар дугаарласан машинууд замын хөдөлгөөнийг хааж, түгжрэл үүсгэснээр ачаалал эрс нэмэгдсэн явдал юм.
Тээврийн удирдлагын төвөөс зохицуулалт хийж, автобусыг богино эргэлтээр эргүүлж, хүлээгдлийн хугацааг богиносгох шуурхай арга хэмжээ авч байна.
Иргэд нийтийн тээврийн автобусны үйлчилгээний талаарх санал, гомдлоо 70044040 дугаарын утсаар хэлэх боломжтой.
скачать dle 12.0