![]()
Зураг (хурууны хээ уншигч төхөөрөмж): Sanskritibharti1398 / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Австрали Улс визийн системийн аюулгүй байдал, үр ашиг, найдвартай байдлыг хангах зорилгоор Монгол Улсад виз мэдүүлж буй иргэдийн биометрик мэдээлэл буюу хурууны хээ, цээж зургийг бүртгэх хөтөлбөрийг 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэллээ. Энэ тухай Монгол Улс дахь Австралийн Элчин сайдын яамнаас мэдээлэв.
Хөтөлбөр нь Австралийн визийн тогтолцооны аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд дэлхийн 60 орчим улсад хэрэгжиж буй арга хэмжээний нэг юм.
Хэрхэн ажиллах вэ: виз мэдүүлэх явцад биометрик мэдээлэл шаардлагатай бол Австралийн Дотоод хэргийн яамнаас мэдүүлэгчид албан ёсоор мэдэгдэж, мэдээллээ хэрхэн бүртгүүлэх зааварчилгааг хүргүүлнэ. Мэдүүлэгчийн нөхцөлөөс хамаарч Австралийн биометрик бүртгэх төвд биечлэн очиж мэдээллээ өгөх, эсвэл «Australian Immi App» аппликэйшнээр цахимаар өгөх шаардлагатай болно.
Өмнө нь Австралийн биометрик мэдээлэлд бүртгэгдсэн, гадаад паспортын хугацаа нь хүчинтэй иргэд Australian Immi App-аар биометрик мэдээллээ үнэ төлбөргүй өгөх боломжтой.
Шинэ шаардлага нь 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш виз мэдүүлж буй Монгол иргэдэд хамаарах бөгөөд тэр өдрөөс өмнө гаргасан мэдүүлэгт нөлөөлөхгүй. Австрали руу зорчихоор төлөвлөж буй иргэд мэдүүлэг гаргахдаа Дотоод хэргийн яамнаас ирэх албан ёсны мэдэгдэл, зааварчилгаатай танилцаж, шаардлагатай бол биометрик мэдээллээ хугацаанд нь өгөхийг анхаарна уу.
скачать dle 12.0