Дакар 2026: Э.Анужин элсний бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ

Зураг (тайлбар): Дакар 2026 Залуучуудын олимпын наадмын бамбар аялал, Диамниадио. Salma03regine / Wikimedia Commons, CC0

Сенегалын Дакар хотноо болж буй Залуучуудын олимпын наадмын элсний бөхийн охидын 65 кг-ын жинд Эрхэмбаатарын Анужин хүрэл медаль хүртлээ.

Энэ жинд нийт 12 бөх өрсөлдсөнөөс Э.Анужин “С” хэсэгт багтжээ. Тэрбээр хэсгийнхээ тэмцээнд Хорватын Эмануэла Радош, Сенегалын Мэри Манга, АНУ-ын Алиеа Апостол нарыг ялж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Доминиканы Валерио Росадод ялагдсан ч хүрлийн төлөөх барилдаанд Египетийн Малак Абделгалилийг 6:2-оор давлаа.

Энэ жинд Доминиканы Валерио Росадо алтан, Испанийн Грасила Энинго мөнгөн медаль хүртсэн байна.

Э.Анужин Монголын багт залуучуудын олимпоос хоёр дахь хүрлийг авчирлаа. Өмнө нь жүдогийн хөвгүүдийн 55 кг-ын жинд Тунгалагийн Төгсхүслэн хүрэл медаль хүртсэн юм.

Ингэснээр манай улс хоёр хүрэл медалийн амжилтаар Беларусь, Буркина Фасо, Молдав, Польшийн хамт медалийн дүнгээр 63 дугаар байранд жагсаж байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ 11 алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэлтэй тэргүүлж, Япон есөн алт, гурван мөнгө, дөрвөн хүрэлтэй, ОХУ зургаан алт, дөрвөн мөнгөтэй удаалж байна. Нийт 76 улс ямар нэгэн медаль хүртсэн.

Залуучуудын олимпын наадам 15–18 насны тамирчдад зориулагддаг бөгөөд Дакар 2026 нь Африк тивд зохион байгуулагдаж буй анхны Олимпийн наадам юм. Монголын залуу тамирчдад олон улсын тавцанд өрсөлдөж, туршлага хуримтлуулах чухал үе шат болж байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ