Төв банкнаас мөнгө хэвлэн санхүүжүүлсэн төсвийн шинжтэй 8 хөтөлбөр

Улаанбаатар дахь Монголбанкны төв байр

Зураг (Улаанбаатар дахь Монголбанкны төв байр): Chinneeb / Wikimedia Commons, CC BY 4.0

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт өнгөрсөн аравдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн «Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл»-ийн хүрээнд төв банкны өөрийн хөрөнгийн 4.8 их наяд төгрөгийн дутагдлыг ирэх таван жилд Засгийн газрын үнэт цаас гаргах замаар нөхөх асуудлыг дэвшүүлсэн. Тэрбээр энэ нь төв банкны балансыг засах арга хэмжээ биш, харин макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалахад чиглэсэн алхам гэж тайлбарлаж байна.

Төв банкнаас 2012 оноос хойш төсвийн шинжтэй санхүүжилтэд 15.7 их наяд төгрөг гарсан бөгөөд цэвэр дүнгээр 5.4 их наяд төгрөг болдог гэж С.Наранцогт хэлсэн. Эдийн засагт гарсан илүүдэл төгрөгийг төв банкны үнэт цаасаар татаж байгаа нь төв банкны төлөх хүүгийн зардлыг нэмэгдүүлж байгаа аж. Харин 2018 онд хийсэн хөндлөнгийн үнэлгээгээр нийт 17 арга хэмжээг санхүүжүүлэхэд 7.2 их наяд төгрөг гарсан гэж тооцсон байдаг.

Мэдээлэлд дурдсан гол хөтөлбөрүүдийг товчилбол:

  • Үнэ тогтворжуулах хөтөлбөр. 2012–2016 онд 1.1 их наяд төгрөг. Үүнээс барилгын материалын үйлдвэрлэлд 384.2 тэрбум, шатахууны үнийн өсөлтийг барихад 226.4 тэрбум, махны үнийг бууруулахад 194.8 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ хөтөлбөрийн санхүүжилт нэг үед эдийн засагт эргэлдэх нийт мөнгөний 27 хувийг эзэлж байжээ.
  • Орон сууцны нийлүүлэлтийг дэмжих хөтөлбөр. 2013–2014 онд барилгын салбарт 534.5 тэрбум төгрөг.
  • Хадгаламжийн даатгалын корпорацид олгосон зээл. «Хадгаламж» банк 2013 оны долдугаар сард дампуурсны дараа 204.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноос 85 тэрбум нь төлөгдөөгүй байна.
  • Дотоод актив чанаргүйдэх эрсдэлийг бууруулах хөтөлбөр. Зургаан аж ахуйн нэгжид арилжааны банкаар дамжуулан нийт 815 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон.
  • «Сайн» хөтөлбөрүүд. 2016 оноос эхэлсэн; жилийн ердөө нэг хувийн хүүтэй хөрөнгө төв банкны балансад 15 жил хадгалагдаж байна.
  • «Эрдэнэс Монгол» ХХК-ийн бонд. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэхэд зориулсан 929.8 тэрбум төгрөгийн, жилийн 6 хувийн хүүтэй бонд. Хугацаа нь 2025 онд дууссан ч одоог хүртэл эргэн төлөгдөөгүй.
  • «Эрдэнэс Таван толгой» ХК-ийн бонд. Цар тахлын үеийн төлөвлөгөөний хүрээнд 2021 онд гарсан 311 тэрбум төгрөгийн, 10 хувийн хүүтэй, хоёр жилийн бонд. Хугацаа нь 2022 онд дууссан.
  • Ипотекийн зээл. 2013 оноос хойш 137 мянган иргэн хөнгөлөлттэй зээл авсан (101,191 нь Улаанбаатарт, 36,300 нь орон нутагт). 2025 оны байдлаар үлдэгдэл 11.2 их наяд төгрөг бөгөөд үүний 8.2 их наяд нь Монголбанкны эх үүсвэр.

Төв банкны эх үүсвэрийг ийм хөтөлбөрт ашиглах нь мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлж, инфляцын дарамт болон төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлдөг. Бага хүүтэй, урт хугацаат санхүүжилтээс олох орлого нь илүүдэл төгрөгийг татахад төлөх хүүгийн зардлыг нөхөж чадахгүй бол Монголбанкны алдагдал нэмэгддэг. Эргэн төлөлт удаашрах, зээл болон бондын эрсдэл үүсэх нь санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлэх тул энэ асуудлыг дан ганц Монголбанкных гэж бус улс орны түвшинд авч үзэх шаардлагатай гэж мэдээлэлд дурджээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ