Зураг (Оюутолгойн уурхай): Brücke-Osteuropa / Wikimedia Commons, Public domain
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн ашиглах талаар Ерөнхийлөгч ба Сангийн сайдын байр суурь ялгаатай байгаа нь ил боллоо. Оюутолгойн ногдол ашгийн мөнгөөр ДЦС-VI болон 10 аймгийн дулааны станц барих агуулгатай хуулийн төслийг Засгийн газар татан авч, ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болсон байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 11 дүгээр сарын 3-нд Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзахдаа Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрд хүртээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Үүнтэй холбогдуулан Сангийн сайд З.Мэндсайхан маргааш нь буюу 11 дүгээр сарын 4-нд Төрийн ордонд мэдээлэл өгөв. Тэрбээр төсвийн хэлэлцүүлгийн явцад иргэдээс санал асуулга авахад одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Баялгийн сангийн хуулийн хүрээнд Хуримтлалын санд авах нь зүйтэй гэж олонх нь шийдсэн гэж хэллээ. Баялгийн сангийн тухай хуулиар гурван их наяд төгрөг орж ирвэл Хуримтлалын санд орох бөгөөд үүнээс нэг их наяд төгрөгийг ипотек, боловсрол, эрүүл мэндэд зарцуулах нь Засгийн газрын бодлого хэвээр байна.
Сангийн сайдын тооцоолсноор гурван их наяд төгрөгийг эдийн засагт тараавал инфляц 2–3 хувиар өснө, энэ нь эргээд иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Иймд тэрбээр бэлэн мөнгө тараахгүй байр суурьтай гэжээ. Ерөнхийлөгчийн байр суурийг хүндэтгэж байгаагаа хэлсэн ч Засгийн газрын бодлого хэвээр байгааг онцолж, ногдол ашгийг олж ирэх нь чухал гэв.
Хэрэв асуудлыг бэлэн мөнгө тараах байдлаар шийдэх бол Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай бөгөөд ийм хуулийн төслийг Засгийн газар өргөн барихгүй гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн.
Хоёр байр суурийн гол зөрүү нь ногдол ашгийг иргэдэд шууд хуваарилах уу, эсвэл сан дотор хуримтлуулж ипотек, боловсрол, эрүүл мэнд зэрэг чиглэлд зарцуулах уу гэдэгт байна. Энэ мэдээллийн байдлаар эцсийн шийдвэр гараагүй байна.
скачать dle 12.0