Монгол хүний ур ухааныг гайхуулсан "Star Dance" хамтлаг ЭХ ОРОНДОО ирлээ


2022 оны аравдугаар сарын 15-ны өдөр Герман улсад зохион байгуулагдсан спорт бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож дөрөвдүгээр байрт шалгарсан "Star Dance" хамтлаг өнөөдөр (2022.10.23) эх орондоо ирлээ. Хамтлагийн гишүүдийг гэр бүлийнхэн болон "Star Dance" хамтлагийн өмнөх үеийн гишүүд халуун дотноор угтан авч, хүндэтгэл үзүүллээ.

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцсон "Moon Dance" хамтлаг хоёрдугаар байр, "Star Dance" дөрөвдүгээр байрт тус тус шалгарсан нь Монголын бүжгийн спортын хөгжлийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх түүхэн үйл явдал юм. "Star Dance" хамтлаг ч мөн өөрсдийн түүхийг бүтээлээ. Хамтлагийн гишүүд тэмцээний гурван үеийн турш нэг ч алдаа гаргалгүй тэмцээнээ амжилттай дуусгаж чадсан юм. Тус хамтлагийн бүжгийн найруулга болон дэглэлтийг хамтлагийн үүсгэн байгуулагч "Оддын бүжиг" ТББ-ын тэргүүн Д.Батсайхан хийжээ.

"Dj and Dance Journey" сэдэвтэй энэхүү бүжгээрээ энэ жилийн дэлхийн аваргын тайзнаа Монгол хүний ур ухааныг гайхуулж чадсан тус хамтлагийн дасгалжуулагчаар Дэлхийн гурван удаагийн аварга бүжигчин Н.Онондарь ажиллажээ. Н.Онондарийн хувьд Дэлхийн 11 удаагийн аварга Герман улсын "Grün-Gold" хамтлагт бүжиглэж байсан туршлагатай нэгэн. Тус хамтлагт бүжиглэж байхдаа гурван удаагийн Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож хамтлагаараа нэгдүгээр байр эзэлж байсан тэрээр хамгийн анх "Star Dance"-с дэлхийн аваргын тэмцээнд явж байжээ.

"Star Dance" хамтлагийн хувьд 2010 онд Ази тивээ төлөөлөн хамгийн анх ДАШТ-д оролцож хагас финалд үлдэж байсан бахдам түүхтэй хамтлаг. Уг үйл явдлаас хойш ДАШТ-д оролцох баг тамирчдын үүд хаалга нээгдэж, алтан босго тавьсан юм. Дан Монгол хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр ДАШТ-д амжилттай оролцож, Монгол хүний ур ухааныг дэлхийн тайзнаа гайхуулж, түүх бүтээж чадсан баг хамт олонд халуун баяр хүргэе.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ