Б.Бат-Эрдэнийн Бурмаа: Эрэгтэй байсан бол аавынхаа алдрыг дуудуулах бөх болох байсан



Бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт тамирчин Б.БУРМААТАЙ ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн дунд охин юм.
-Спортоор хичээллэснээр хүн өөртэйгөө тэмцэж, хүссэн үр дүнгээ үздэг. Үүний нэгэн адилаар та бодибилдингээр хичээллэсэн үү?
-Ямар ч спортоор хичээллэсэн хүн өөртөө маш олон сайхан чанарыг олж авдаг.
Спорт хүний бие бялдар төдийгүй сэтгэлийг ч хатуужуулдаг. Бие, хэл, сэтгэл гурав хоорондоо шүтэн барилдлагатай болохыг бодибилдинг, фитнессээр хичээллэснээр улам гүнзгий мэдэрч, ойлгосон. Мөн аливаа зүйлд тууштай, зоригтой, мэриймтгий болгохоос гадна бэрхшээлийг даван туулах хаттай болгодог юм. 
-Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг таны багш. Тохиолдлоор энэ хүний шавь болсон уу, эсвэл зорьж очсон уу? -Маш их хүсэж, зорин очиж багшийнхаа шавь нь болсон. Манай багш бол Монгол эмэгтэй хүний бүхий л сайхан чанарыг агуулсан гайхалтай бүсгүй. Маш хөдөлмөрч, тууштай хэрнээ их энгийн, үргэлж олонтой байдаг дотоод ертөнц нь гайхалтай хүн. Анх багштайгаа цахим сүлжээгээр холбогдож үргэлж урам авдаг байлаа. Улмаар энэ хүнтэй нэг өдөр ч болов бэлтгэл хийж үзэх юмсан гэж мөрөөддөг болсон. 2016 онд багш “Хэвлийгээрээ инээмсэглэе” ангиа нээхэд нь би өөртөө “Энэ л боломжийг ашиглаж ямар ч ажилтай, завгүй байсан сургалтад явна” гэж зорьсноор багш шавь болох зам минь нээгдсэн. 
-Бодибилдингээр хичээллэж эхлэхдээ тавьсан зорилгодоо хүрч чадсан уу? -Бусдын адилаар би ч гэсэн гоё сайхан болохын тулд бодибилдингээр хичээллэсэн. Харин энэ спорт миний бие болон сэтгэлд сайхан үр өгөөж өгч байгааг мэдсэнээс хойш хэтийн зорилго минь болж насан туршдаа хичээллэж, хүмүүст эрүүл амьдралын хэв маягийг үргэлж түгээж, урам зориг өгдөг хүн байхыг хүсэх болсон. Би хувьдаа бүх нийтийн спортыг олон хүн хүртээсэй, тэдэнд гүүр болох юмсан гэж зорьдог. Тэгэхээр зорилго минь урт удаан хугацааных гэж ойлгож болно.  
-Ямар ч хүн амжилтын төлөө шунадаг. Бодибилдингээр хичээллээд ямар амжилтад хүрэх мөрөөдөлтэй вэ? -Ямар ч спортоор хичээллэсэн хүн хөдөлгөөний гайхамшгийг мэдэрдэг болохоор олон хүн өөр өөрийнхөө дуртай спортыг олоосой гэж хүсдэг. Мөн бодибилдинг, фитнессийн тэмцээн уралдаанд оролцож, өөрийгөө улам сайжруулж, түвшин бүрт ахихыг хичээнэ. Энэ спортод алхам тутамдаа шинийг сурч, туршлага хуримтлуулж байгаа.

-Та хэд хэдэн тэмцээнд өрсөлдсөн туршлагатай. Гэхдээ сүүлийн үед тэмцээнд оролцсонгүй. Ямар нэг шалтгаан бий юү? -2017 оноос бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээн болон өнгөрсөн хавар зохион байгуулсан “IFBB Pro Qualifier Mongolia” тэмцээнд оролцож багагүй амжилт гаргасан. Фитнессээр хичээллэхээсээ өмнө гэмтэл авчихсан байсан юм. Тэр нь архагшаад яалт ч үгүй мэс засалд орох хэрэгтэй болсон тул түр завсарлага авсан. -Одоо ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ? -Гэмтлээ сайн эдгэрүүлээд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байна. Тамирчид улсын аваргын чансаагаар олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болдог. АНУ-д хэдхэн хоногийн өмнө зохион байгуулсан дэлхийн нэр хүндтэй тэмцээний нэг “ARNOLD CLASSIC 2020”-д багш маань төрсөн охин М.Мойлоотойгоо амжилттай оролцоод ирсэн. Олон тамирчинд маш том итгэл өгч нэг шинэ зам нээж өгсөн. Би ч мөн энэ тэмцээнд оролцож, өөрийнхөө шандсыг үзэх бодолтой байгаа. -Таны аав УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Ээж тань Монгол Улсын волейболын шилдэг тамирчдын нэг байсан. Тэгэхээр танд ч гэсэн спортын хүн болох өгөгдөл байсан уу? -Алим модноосоо хол унадаггүйн адилаар сайхан аав, ээжийн өгөгдөл тодорхой хэмжээгээр байдаг байх. Гэхдээ хүнд хэчнээн сайхан ген байгаад түүнийг хөдөлмөрөөрөө арчилж, зүлгэж тордохгүй бол үр дүнд хүрч чадахгүй гэж боддог.
-Удмаа дагаж үргэлжлүүлэн таныг бөх болно гэж бодож явсан хүн цөөнгүй юм билээ. Харин та багадаа барилддаг байв уу? -Ер нь бөх барилдах сонирхол бага байсан. Манай аав ч бас биднийг заавал бөх бол гэж шахдаггүй. Бидэнд өөрсдийн орон зай, өөрсдийнхөө хүсэл сонирхлыг дагах боломжийг үргэлж олгодог. Хэрэв би эрэгтэй байсан бол аавынхаа энд хүрэхгүй ч гэсэн алдрыг нь дуудуулах бөх болох байсан байх.  
-Таныг одоогоор ганц бие яваа гэж сонссон. Ирээдүйд хүүтэй болбол барилдуулах бодол бий юү? -Тийм ээ. Ирээдүйд хүү маань өөрөө бөх болохыг хүсвэл барилдуулах хүсэл байлгүй яахав. Сайхан аавынхаа нэрийг гаргасан аварга хүүтэй болох хүсэл үргэлж байдаг. Гэхдээ үр хүүхэд минь ч гэсэн өөрсдөө сонголт хийх эрхтэй, түүнийг нь ч үргэлж хүндлэх болно. 
-Эгч, дүү хоёр тань спортод хэр элэгтэй вэ? -Бид бүгд спортод элэгтэй. Бүгд өөр өөрийн сонирхлоороо тодорхой хэмжээнд спортоор хичээллэдэг. Эгч маань бүжгийн спортод их авьяастай. Дүү сургуульд байхдаа сагс болон гар бөмбөгийнхөө тэмцээнд үргэлж оролцдог байсан. 
-Та био-анагаах ухааны мэргэжилтэй. Одоо мэргэжпээрээ ажиллаж байгаа юу? -ЭМШУИС буюу одоогийн АШУҮИС-ийг био-анагаах судлаач мэргэжлээр төгссөн. Одоогоор өөрийн сонирхолдоо илүүтэй анхаарал хандуулж байна. Цаашдаа аав болон спортод элэгтэй хамтрагчдынх нь хамт үүсгэн байгуулсан “Аварга” дээд сургуулиа улам өргөжүүлэхийн төлөө өөрийн чадах зүйлээр хувь нэмэр оруулан ажиллах болно. Тэр хүртэл өөрийгөө илүү сайн чамбайруулж, хөгжүүлж, чадавхжих төлөвлөгөөтэй. Сургуулийнхаа багш, ажилчид, удирдлагадаа үргэлж намайг дэмжиж байдагт талархаж байдаг. 
-Ирээдүйд төлөвлөж буй зүйлийнхээ талаар сонирхуулна уу? -Байгальд ээлтэй амьдрахыг их хичээдэг. Цаашдаа ч алхам алхмаар энэ замналаа үргэлжлүүлнэ. Одоогоор би ахуйн хэрэглээнийхээ хог хаягдлыг ангилдаг, бас энэ чиглэлээр сайхан ажил хийдэг хүмүүсийг дэмждэг. Аль болох байгаль, хүн хоёрын шүтэн барилдлагатай бие биедээ уялдаа холбоотой амьдардаг бидний нүүдэлчин амьдралыг орчин үетэй зохицолдуулахыг хичээдэг. Бас олон хүнээс сурч өөрөө ч мөн туршиж, туршлагажаад явж байна. Нэг үеэ бодоход Монголчууд эерэг сайхан зүйл их хийдэг болжээ. Би өөрийн чадлын хэрээр энэ бүхнийг дэмжихийг хичээдэг.  
Б.Сэлэнгэ Эх сурвалж: "Монголын үнэн" сонинскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ