Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэв

Улаанбаатар дахь Засгийн газрын ордон

Зураг (Улаанбаатар дахь Засгийн газрын ордон): Chongkian / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр өргөн барив. Мэдээллийг УИХ-ын Нээлттэй парламентын газар гаргасан.

Монголд бүртгэлтэй галт зэвсгийн тоо 52 мянга байна. Үүний ойролцоогоор 95 хувийг иргэд, 5 орчим хувийг хуулийн этгээд эзэмшдэг. Хуулийн этгээд нь спорт сургалт, харуул хамгаалалт, үзмэр, цуглуулгын зориулалтаар ашигладаг.

Төслийн зорилго нь галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг боловсронгуй болгож, хяналт, шаардлага, бүртгэлийг тодорхой болгох явдал. Мөн галт зэвсгийн хууль бус хэрэглээг илүү тодорхой зохицуулж, нийгэмд гарч буй сөрөг үр дагаврыг бууруулахыг зорьжээ. Галт зэвсгээр үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул хэрэглээг бүртгэлжүүлэх нь чухал гэж төслийг боловсруулагчид үзсэн байна.

Иргэний хамгаалалттай уялдуулан спортын буудлагын төвүүдийг өргөжүүлэх шаардлагатайг мөн тусгасан бөгөөд энэ нь үндэсний сөрөн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх зорилготой гэжээ.

Үнийн асуудал мөн хөндөгдсөн. Галт зэвсэг худалдах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж цөөн тул тэд давуу байдал эдэлж, зэвсгийг өндөр үнээр борлуулж байна гэж үзжээ. Хөдөөгийн малчид чоно, зэрлэг амьтнаас хамгаалахын тулд буу хэрэглэдэг ч өндөр үнэтэй зэвсэг худалдаж авах чадваргүй байдаг. Иймээс тусгай зөвшөөрөлтэй компаниудын тоог нэмэгдүүлж, өрсөлдөөн бий болгон үнийг бууруулах шаардлагатай гэж үзжээ.

Одоогийн хуулиар дүрэм, журам батлах эрхийг олгосон 15 зохицуулалт байгаа бөгөөд тэдгээрийг хэд хэдэн захиргааны байгууллага тус тусдаа баталдаг. Энэ нь нэгдсэн бодлого алдагдах, хуульд байхгүй нэмэлт шалгуур тогтоох эрсдэлтэй тул төсөлд дүрэм, журмаар зохицуулж байсан харилцааг хуулийн түвшинд оруулахаар тусгасан байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ