“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр дагуул хот, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, шинэ суурьшлын бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар тусгасны дагуу Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулахаар ажиллаж байгаа билээ. Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2,248,000-д хүрэх тооцоо гарснаас 440,000 нь дагуул хотод суурьших төлөвлөлттэй байгаа юм.