Хүүхэд залууст эх оронч, хилч үзлийг төлөвшүүлэх, цэргийн алба хаагчдад цэргийн дээд цолны үнэ, цэнийг мэдрүүлэх зорилгоор БНМАУ-ын гурван маршалын нэрэмжит ӨРЛӨГ ЖАНЖНЫ ИХ ТАНХИМ-ыг Хил хамгаалах ерөнхий газарт байгуулж, нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Түүхийг сөхвөл, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн ба Ардын сайд нарын зөвлөлийн хамтарсан 1936 оны хурлаас МАХЦ-ийн дарга улс төрийн ажилчдад алдар цол олгох болон даргалах бүрэлдэхүүний алба хаах журмыг баталсан байдаг. Улмаар энэ хурлаар Маршал хэмээх цэргийн дээд алдар бий болж, Цэргийн яамны явдлын сайд бөгөөд бүх цэргийн жанжин Г.Дэмид, ерөнхий сайдын 1 дүгээр орлогч, мал тариалангийн яамны сайд Х.Чойбалсан нарт анх удаа БНМАУ-ын өрлөг жанжин Маршал хэмээх цэргийн дээд алдар олгосон байна. Үүний дараагаар Халхын голын байлдааны ялалтын 40 жилийн ойгоор АИХ-ын тэргүүлэгчдийн 1979 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн зарлигаар МАХН-ын төв хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, Улсын батлан хамгаалах зөвлөлийн дарга, Армийн генерал Ю.Цэдэнбалд цэргийн дээд цол болох БНМАУ-ын маршал цолыг олгож байжээ.