Засгийн газрыг огцруулах эсэх асуудал гацаад 24 цаг болсны эцэст УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Уг асуудлыг хэлэлцэх хугацаа өнөөдөр 13 цагаар дуусгавар болох юм. УИХ-ын чуулганы хуралдаанд ирцээ бүртгүүлэхгүй байсан шалтгаанаа гишүүд Үндсэн хуулийн зөрчилтэй холбон тайлбарлаж байгаа юм. Тодруулбал, өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал 86 хувиар буюу 22 гишүүнээс 19 гишүүн дэмжээгүй юм. Улмаар тус байнгын хорооны “дэмжээгүй” гэдэг саналыг “дэмжье” гэдэг томъёоллоор санал хураалт явуулахаар болжээ. Тэгвэл энэ нь Үндсэн хуулийн 2019 оноос өмнө хэрэгжиж байсан 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар боломжтой байсан бол 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг л хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн заалт үйлчилж байгаа гэдгийг академич С.Нарангэрэл тайлбарласан байна. Энэ агуулгаар Үндсэн хуулийн зөрчил үүсэх тул зарим гишүүд чуулганы хуралдаанд ороогүй гэсэн. Мөн АН-ын бүлгээс тавьсан шаардлагыг хангасан эсэх асуудлаар тус бүлэг хуралдаж шийдвэр гаргасны дараа хуралдаанд оролцох эсэхээ шийднэ гэдэг тайлбарыг ч хэлж байв. Дээрх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан гэх бөгөөд цэцийн шийдвэрийн дараа хуралдаанд оролцоно гэсэн гишүүд ч байлаа.