Мухар гудамж

Монгол Улс хөгжих үү, мухар гудамж руу буруу эргэсэн үү. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ их мөнгөний 80 гаруй хувь нь зөвхөн Улаанбаатар хотод шингэсэн байна. Муу хэлэгддэг өнгөрсөн зуунд оргүй хоосноос 10 тэрбум ам.долларын өр тавин байж социализмын 70 жилийн бүтээн байгуулалтыг хийсэн гэдгийг мартаж болохгүй. Юу вэ гэвэл 34 жилд Монголын өр гурав дахин нэмэгдэж, бүтээн байгуулалт гэх гоё үгээр халхавчилж байгаад өнөөдрийн утаатай, шороотой, түгжрэлтэй, ядууралтай, өртэй Монголыг бий болгожээ. Монголын боловсрол дэлхийд хаана ч үгүй буюу дампуурсан, эрүүл мэндийн байгууллага өвчтөнөө багтаадаггүй, сургууль, цэцэрлэг нь хүрэлцэхгүй зэрэг төр иргэдийнхээ өмнө заавал биелүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж байгаагийн наад захын баримт биш гэж үү.
ШҮҮХ ЗАСАГЛАЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ МЭДЛИЙН ЗЭВСЭГ БОЛОВ
1992 оны Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч бүх шатны шүүгчийг томилдог байхаар зохицуулсан. Үүний гол үзэл санаа нь намын харьяалалаас түдгэлзсэн Ерөнхийлөгч шүүгч нарыг томилох нь шүүхийн хараат бус байдлын баталгаа болно гэж үзсэнтэй холбоотой. Гэсэн ч нэрэн дээрээ улс төрийн намаасаа түдгэлзсэн ч нэдэр дээрээ Ерөнхийлөгчийн үзэл санаа, итгэл үнэмшил нь тухайн намдаа хэвээрээ үлддэгийг өнөөгийн нөхцөл байдал тод харуулж байна. Нэг ёсондоо шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлнэ гэсэн нэрийн дор эсрэгээрээ Ерөнхийлөгчийн эрх мэдлийн сэлэм нь шүүгч нар болон хувирч цаашлаад шүүх эрх мэдлийг улс төрчдийн халаасанд хийсэн ноцтой алдааг Үндсэн хуулиараа баталчихсан, 33 жил харсан ч хараагүй юм шиг суусаар байна.
Төрийн тэргүүнээр сонгогдсон хүн намын харьяаллаас түдгэлзсэн ч үзэл санаа нь ангид байж чадахгүй байгаад хэд хэдэн шалтгаан бий. Нийт ард түмнээс сонгогдохын тулд Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөр дэвшүүлж өрсөлддөг бөгөөд түүнийгээ биелүүлэхийн тулд үе үеийн Ерөнхийлөгч нар Засгийн газартайгаа өрсөлддөг, эсвэл дарамталж, төсөв батлуулдаг зэрэг зөрчлүүд үе дамжин гарч байлаа. Өөрөөр хэлбэл, шүүгч, прокурор, АТГ, Батлан хамгаалах гэсэн бүх хүчний байгууллагуудаа хөдөлгөх хүч нь Ерөнхийлөгчид байгаа учраас Засгийн газар паралелл Засгийн газар мэт том бүтэцтэй, Ерөнхийлөгчийн институцийн мөрийн хөтөлбөрт үгүй гэж хэлж чаддаггүй. Эсвэл үгүй гэж хэлвэл тэр Засгийн газар огцордог ийм он жилүүд өнгөрсөөр байна. 1992 оны Үндсэн хуулиар сонгодог парламентын засаглал байгуулсан бус харин хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улсыг бий болгосон гэхэд хилсдэхгүй байна.
УИХ-ЫН ХЯНАЛТААС МУЛТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР
Монгол Ардын нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 68 суудал авлаа. Үүнээс 50 гишүүн тойргоос, 18 гишүүнийг жагсаалтаар, АН 29 гишүүнийг тойргоос, 16 гишүүн жагсаалтаар нийт 45 суудалтай боллоо. Хүн нам 8 суудалтайгаас 1 гишүүн тойргоос, 7 гишүүнийг жагсаалтаар, ИЗНН жагсаалтаар 4 суудал, Үндэсний эвсэл жагсаалтаар 4 суудалтай болж парламентыг таван нам бүрдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийн үр дүнд олонхийн суудал авсан нам буюу 50+1 хувилбараар үзэхэд 126 гишүүнээс 68 суудал авсан МАН дангаараа Засгийн газраа байгуулах ёстой. Гэтэл олонхийг бүрдүүлсэн нам Засгийн газраа байгуулах гэсэн Үндсэн хуулийн зарчмыг үл хэрэгсэж, сөрөг хүчний АН болон Хүн намтай хамтарч “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэртэй эвслийн Засгийн газар байгууллаа. Ингэснээр Үндсэн хуулийн зарчмыг баримталдаг, хууль ёсыг дээдэлдэг улсын хувьд Үндсэн хуулийн бус, байх боломжгүй Засгийн газрыг байгуулснаар түүхэнд бичигдэн үлдэнэ. Үндсэн хуулийн зарчмыг баримталдаг, эрхзүйт нийгмийг бий болгох гэж зорьж байгаа улсын хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АН болон Хүн намын УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүнээр томилсон захирамжийг Үндсэн хуулийн цэц авч хэлэлцвэл энэ Засгийн газрыг Үндсэн хуулийн бус байгуулсныг тогтоох боломжтой.
Монголын ард түмэн МАН-ын төлөө 52 хувийн санал өгч бусад намуудад үлдсэн 48 хувийг хувааж өгснөөр хяналттай, хариуцлагатай, тэнцвэртэй парламентыг бий болгосон ч ард түмний саналын эсрэг, засвар хийсэн Засгийн газрыг ийнхүү 2024 онд байгууллаа. Сөрөг хүчинтэй нэг хөнжилд орсон Засгийн газрын энэ үйлдэл УИХ-д хүртэл халдварлаж, байнгын хороог ч АН, Хүн намынхантай хувааж даргыг нь томилсон юм. Цаашлаад төрийн өмчийн компаниуд, Засгийн газрын бүх яам, агентлаг, газар, хэлтсүүдэд Засгийн газрын хууль бус хамтрал үргэлжилж байна. Түүгээр зогсохгүй намын жагсаалтаар суудал авсан Үндэсний эвсэл Засгийн газрын бодлогыг 100 хувь дэмжиж байгаагаа удаа дараалан илэрхийлсэн бол ИЗНН мөн адил Засгийн газрын бодлогыг дэмжиж, хуулиуд дээр санал өгч байна. Ард түмний эсрэг байгуулагдсан эвслийн Засгийн газрыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Найрааны Засгийн газар” гэж нэрлэсэн юм. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд иргэд сонгогчдын хүсэл бол эрх баригчид ба сөрөг хүчин гэсэн хяналттай төр засгийг хүссэн ч харамсалтай нь бие биенээ хянах биш бүгдээрээ нийлж тэнцүүхэн хуваах гэсэн шиг бүх шатанд бялуу хувааж байна. Албан тушаалын найрааны үр дүнд Засгийн газар УИХ-ыг бүхэлд нь кармаандаа хийлээ.
МАН сүүлийн дөрвөн жилийн дотор Үндсэн хуульд гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шалтгаан нь Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн, хариуцлагын тогтолцоог бий болгохын тулд сайд нараа Ерөнхий сайд нь өөрөө томилж, чөлөөлдөг болголоо гэж мэдэгдэж байв. 2022 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно гэж өөрчлөлт оруулсныг Хүн намын Т.Доржханд ҮХЦ-д гомдол гаргасны дагуу ҮХЦ дээрх заалт нь Үндсэн хуулийн бусад агуулгатай нийцэхгүй байна гэж дэлхийд байхгүй үндэслэлээр хүчингүй болгосон юм. Монгол Улсын бусад хууль тогтоомжууд Үндсэн хуультай нийцэх эсэх асуудлаар л ҮХЦ маргаан шийдвэрлэдэг байтал Үндсэн хуулийн зүйл заалтыг Үндсэн хуультай нийцэж байгаа эсэх асуудлаар дүгнэлт гаргаж болохгүй юм. Үүнийг дэлхийд байхгүй жишиг гэж хэлж байгаа юм. Ингээд 2023 онд ҮХЦ-ийн дээрх дүгнэлтийг УИХ хүлээн авч, Засгийн газрын бүх гишүүний албыг УИХ-ын гишүүн давхар хашиж болохоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. УИХ-ын дарга асан Г.Занданшатар 2019, 2022, 2023 онуудад Үндсэн хуульд ийм өөрчлөлт хийсэн нь Засгийн газрыг УИХ-ын хараа хяналтаас гаргаж засаглал хоорондын харилцан хяналт тавих механизмыг үгүй хийв. Яагаад гэвэл өнөөдрийн байдлаар Засгийн газар 21 сайдтай. 21 сайд нь бүгд УИХ-ын гишүүний ажлыг давхар хашиж байна. Энэ нь парламентын шийдвэр гаргах хамгийн доод хязгаарын 40 хувь юм. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтүүд Монголын парламент хариуцлагагүй ажилласан Засгийн газрын ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх цаашлаад хариуцлага тооцох боломжгүй болгон хувиргасан байдаг.
ДОРДОХЫН ДОЛООН ӨӨРЧЛӨЛТ ҮЙЛЧИЛСЭН 126 ГИШҮҮНТЭЙ ПАРЛАМЕНТ
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хэдхэн хоногийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө “126 гишүүнтэй парламентад мэргэжлийн хүмүүс орсон учраас улстөржихгүй байна” хэмээн хэлэв. Үнэн хэрэгтээ УИХ-ын 126 гишүүн мэргэжлийн гэхээсээ илүүтэй мэдлэг, зориг дутсандаа дугарахгүй байна. Хамгийн ойрын жишээ бол БНХАУ-ын “Чайна энержи” ХХК болон Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байнгын хороогоор зөвшилцөх үйл явц, “Бадрах энержи” ХХК, Францын “Орона”-гийн ураны гэрээний хувь хэмжээг тогтоох тухай асуудал зэрэгт УИХ-ын гишүүд үнэнийг хэлээгүй, дуугүй өнгөрсөн нь мэргэжлийн биш мэдлэг дутсаных юм. Тухайлбал, БНФУ-ын “Орона”-тай хийж байгаа гэрээн дээр Монголын тал өөрт оногдох 34 хувиа 10 хүртэл хувиар буулгаж, үлдсэнийг рояалти хэлбэрээр авах болсон. “Орона” компанитай байгуулсан хэлэлцээрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэхдээ “дэлхийн бүх улс орнууд ураныхаа гэрээг ил тавьдаггүй. Харин Монгол Улс ил гаргаж байна” хэмээн попорсон нь Монгол Улсыг дэлхийн ураны салбарт гол байр сууриа эзлэх боломжийг алдагдуулсан юм.
УИХ-ын нэр хүнд сүүлийн 20 гаруй жил байнга унаж, үнэлэмжгүй болсоор байна. Яагаад гэвэл УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг олонхийн буюу 50+1 саналаар биш хамгийн олон саналаар сонгогдвол УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаатай холбоотой. Нэг үгээр нийт сонгогчдын олонхийн саналыг аваагүй гишүүд парламентад ажилладаг учраас хүлээн зөвшөөрөгдөх чанараа алдаж байна. УИХ нийт ард түмний дунд үнэлэмжээ алдаж байгаа дараагийн шалтгаан бол 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт буюу дордохын долоон өөрчлөлтөөр Үндсэн хуулиар 50+1 буюу 39 гишүүн зөвшөөрснөөр УИХ хууль тогтоомж батладаг байсныг тухайн үеийн МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд Н.Энхбаярын удирдлагаар 39 гишүүн УИХ-ын чуулганд оролцож, 19 гишүүн зөвшөөрснөөр хууль батладаг болсон нь парламентаас гарсан шийдвэр хүлээн зөвшөөрөгдөхгүй болж эхэлсэн. Энэ нь гишүүдийн нэр хүнд унах, УИХ-ын үнэлэмж буурах шалтгаан болжээ. Өөрөөр хэлбэл, парламентаас гаргаж байгаа шийдвэр хүлээн зөвшөөрөгдөхгүй байх, нэр хүнд унах, гишүүдийн оролцоог бууруулахад дордохын долоон өөрчлөлт хамгийн их нөлөө үзүүлсэн бөгөөд одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тиймээс одоо 126 гишүүнтэй шинэ парламентын тал нь чуулганы хуралдаанд суухгүй байсан ч хууль батлаж байна. “76 мангуу” гэсэн хэлц одоо “126 мангуу” л болж өөрчлөгдөнө.
МУХАР ГУДАМЖНААС ГАРАХ ЗАМ БИЙ
Үндсэн хуулийн засаглал хоорондын хямралын асуудал, сонгодог парламентыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадахгүй байгаа асуудал, хууль шүүхийн байгууллагынхны шударгаар хуульд заасны дагуу ажиллах боломжийг олгохгүй байгаа асуудал, авлигалд холбогдсон этгээдүүдэд хуулийн хатуу чанга хариуцлага тооцох боломжийг хууль тогтоогчид олгохгүй байгаа асуудал, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ болон Монгол Улсын эдийн засгийн хэмжээ 2-3 дахин нэмэгдэж байгаа гэх боловч иргэний хэтэвчинд жигд хүртээмжтэй очихгүй байгаа зэрэг шалтгаанууд нь эцсийн цэгт Үндсэн хуультай л холбогдоно. Зарим хүмүүс ядуурал яахаараа Үндсэн хуультай холбогддог юм, хууль шүүхийнхэн шударга ёсны талд шийдэж чадахгүй байгаа нь яаж Үндсэн хуультай холбогдох юм, засаглал хоорондын хямралын асуудал яахаараа Үндсэн хуультай холбогдох юм, энэ чинь хувь хүний л асуудал, сайн хүн гарч ирвэл хямралаас гарч чадна гэж ярьдаг. Гэтэл энэ бол үгүй юм. Бүх юм ойлгомжгүй, тодорхойгүй, хүн бүр дур зоргоороо ойлгож, Үндсэн хуулийг тайлбарлаж, хэрэгжүүлдэг энэ байдал Монгол Улсын доройтлын шалтгаан биш үү. Үүний хамгийн тод жишээ бол дээр дурьдсан Үндсэн хуулийн ҮХЦ-ээс гаргасан дүгнэлт болон бүх сөрөг хүчинтэйгээ нийлж засаг байгуулж байгаа байдлаар илэрч байна. Бид үүнээс хэрхэн гарах вэ. 34 жилийн өмнө батласан Үндсэн хууль бол шилжилтийн үндсэн хууль байсан. Тэр үед социализмаас хувийн хэвшлийн олон төрөл зүйлийг хүлээн зөвшөөрсөн чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжих, нэг намын дарангуйлсан тогтолцооноос олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрсөн олон намын тогтолцоотой улс болоход л чиглэсэн шилжилтийн Үндсэн хууль байсан юм. Тийм ч учраас Үндсэн хууль батлагдсаны эхний 15-16 жилийн туршид Үндсэн хуулийн ойн өдөр бүрт төр засгийн мэндчилгээнд “Шилжилтийн Үндсэн хуулийн ой” гэж тодотгож байсныг та бүхэн санаж байгаа. Үндсэн хуулиас улбаатай нийгэм эдийн засгийн бүх салбарт тулгараад байгаа хүндрэл бэрхшээлүүд түүнийг шийдвэрлэж чадахгүй байгаа мухардмал байдал бол бидний мөрдөж байгаа Үндсэн хууль шилжилтийн Үндсэн хууль болохоос хөгжлийн Үндсэн хууль биш гэдэг нь тодорхой харагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар “Энержи ресурс”-ын “Ухаа худаг”-ийг хууль бусаар эзэмшүүлсэн хэмээн зарлаж, буцаан авах тухай зарлаж байна. Бид хувийн хэвшлийг дэмжсэн, хөгжлийг баталгаажуулсан Үндсэн хуультай бол анхнаасаа л бүх зүйл ойлгомжтой, хуулийн дагуу өрнөх ёстой байсан юм. Эндээс харвал дур зоргоороо хуулийг тайлбарлаж, хэрэглэдэг байдал бол шилжилтийн Үндсэн хуулийн чадамж, боломж дууссаныг харуулж байна.
Сэтгүүлч Б.Ариунтуяа
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ