Өвлийн аялал жуулчлалын хамгийн том арга хэмжээ болох “Түмэн тэмээний баяр” 29 дахь жилдээ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, уламжлалт маллагаа, зан үйл, соёлыг өвлүүлэн хадгалах, тэмээн соёл, спортыг хөгжүүлэх зорилготой “Түмэн тэмээний баяр”-ын арга хэмжээг анх 1997 онд Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулсан түүхтэй.
Тэмээний баяр нь тэмээн соёл, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих, малчдын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Тэмээний баярыг үзэхээр нийт 8000 орчим хүн ирснээс 200 гаруй нь гадаадын жуулчид гэдгийг зохион байгуулагчид мэдээллээ.
Монголын уламжлалт өв соёлыг дэлхийд таниулсан “Түмэн тэмээний баяр – 2026” арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат нар оролцов.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат баярын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “1997 оноос эхлэлтэй “Түмэн тэмээний баяр” жилээс жилд өргөжиж тэмээчид, гадаад, дотоодын олон жуулчдын хүссэн хүлээдэг, зорин ирдэг өвлийн аялал жуулчлалын томоохон эвэнт болж өргөжиж байна. Тэмээгээ өсгөх чиглэлээр тэмээ хамгаалах сан, ботгоны мөнгөн урамшуулал, гиннесийн Дэлхийн дээд амжилт тогтоох 1108 тэмээний уралдаан зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг авч тэмээн сүргээ өсгөж үржүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд 2025 онд Өмнөговьчууд хамгийн олон тэмээ буюу 155900 тэмээ тоолуулж улсдаа тэргүүлэхийн зэрэгцээ “Тэмээ судлалын төв” байгуулж анхдагч болж амжилт ололт дүүрэн тэмээний баяраа угтаж байна” гээд өргөн уудам газар нутгийнхаа эзэн нь болж дэлхийд ховордсон тэмээн сүргээ өсгөн үржүүлж, дахин давтагдашгүй өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваа аймгийнхаа малчид, ард иргэддээ талархлаа илэрхийллээ.
Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөхөөс “Түмэн тэмээний баяр”-ын ач холбогдлын талаар тодруулга мэдээлэл авав.
“Түмэн тэмээний баяр –2026” өвлийн эвэнт Монголын хамгийн өндөр тэмээг дэргэдээс нь харах боломжийг иргэд, зочдод олгож байна.
Монголын хамгийн өндөр тэмээ нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Х.Оргодолын тэмээн сүргийн нэг билээ. Тус тэмээ нь Галбын говийн улаан үүлдрийн, 3,6 метрийн өндөртэй, 24 настай атан тэмээ юм.
Тэмээний баяр нь нэн эртнээс уламжлагдан ирсэн Монгол нүүдэлчдийн тэмээтэй харьцах арга ухаан, зан заншил, соёлын өвийг олон нийтэд түгээж, тэмээ маллагааны онцлог, тэмээчдийн ур чадвар, тэсвэр хатуужлыг дэлхий дахинд сурталчлан таниулдгаараа онцлог юм.
Ингэний айрагны баярын “Өсөлттэй-Өмнөговь-Нутгийн үйлдвэрлэгч” үзэсгэлэн худалдаанаас ингэний сүү, цагаан идээ, тэмээний ноос, ноосон бүтээгдэхүүн, орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдийг борлуулах, худалдан авах боломжтой.







скачать dle 12.0