ББСБ-уудын Финтек зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцаа тогтоолоо


Санхүүгийн зохицуулах хороо ээлжит 18 дугаар хуралдаанаараа нийт 34 асуудал хэлэлцсэн байна.

Хуралдаанаар дотоодын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг нэмэгдүүлж, хамтын хөрөнгө оруулалтын сангууд бий болох, мэргэжлийн түвшинд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулах зохицуулалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор “Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэхдээ сангийн активт тавих шаардлагыг илүү хөнгөвчилж зах зээлийн нөхцөл байдал, өөрийн орны онцлог болон олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болгосон юм. Журмын нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалтын сангууд нэмэгдэж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурь бэхжих, шинэ бүтээгдэхүүнүүдийн тоо өсөх цаашилбал гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх оролцоо, зах зээлд итгэх итгэл өссөнөөр хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой.

УИХ-аас баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглосон. Хуулийн 56 дугаар зүйлийн 7-д “Энэ хуулийн 56 дугаар зүйлийн 5,6 дахь хэсэгт заасан шалгуурыг мөрдүүлэх, хяналт тавихтай холбогдсон журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална” гэсэн заалттай холбогдуулж “Төрийн болон орон нутгийн өмчит нээлттэй хувьцаат компанийн хувьцааг эзэмшихтэй холбоотой хуульд заасан шалгуурыг мөрдүүлэх, хяналт тавих журам”-ыг боловсруулж өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

Мөн хуралдаанаар нэг компанид хамтын, нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэв. Ингэснээр энэ төрлийн 2 дахь сан манай улсад бий болж байна. Түүнчлэн нэг компанийн хамтын, нээлттэй сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэсэн бөгөөд энэ танилцуулгынхаа хүрээнд олон нийтээс санхүүжилт татан төвлөрүүлсний дараа СЗХ-ноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх юм.

ББСБ-УУДЫН ФИНТЕК ЗЭЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНД ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦАА ТОГТООЛОО

Хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагаас олгох финтек зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцаа тогтоох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ББСБ-аас олгох финтек зээлийн бүтээгдэхүүний хувьд зээлийн сарын хүүгийн болон үндсэн төлбөр нь сарын татварын дараах орлогын 70 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлалаа. ББСБ-ууд энэ оны эхний хагас жилийн байдлаар зөвхөн аппликэйшнээр олгосон 1,159,569 зээлдэгчийн 319.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа нь нийт зээлдэгчдийн 76.4 хувь, нийт зээлийн үлдэгдлийн 12.8 хувийг бүрдүүлж байна. Финтекээр нэг зээлдэгчид дунджаар 275.8 мянган төгрөгийн зээл олгосон нь уламжлалт зээлийн дунджаас 22.0 дахин бага байна. Энэ нь финтекээр олгож байгаа зээлийн хүртээмж хэр өндөр байгааг харуулж буй үзүүлэлт.

Финтек ББСБ-ууд богино хугацаатай, бага дүнтэй зээлийн зах зээл дээр голчлон үйл ажиллагаа явуулдаг бөгөөд санхүүгийн зах зээл дэх зохицуулалтын орчныг чангаруулах нь тухайн бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт үүсгэх нөлөөтэй хэдий ч нөгөө талд өр, орлогын харьцааг 70 хувиар тогтоож амьжиргааны наад захын хэрэгцээг хангах орлогыг зээлдэгчид үлдээх шаардлагыг тавьж байгаа нь зээлдэгчийг өрийн дарамтад оруулахаас урьдчилан сэргийлсэн бодлогын томоохон арга хэмжээ юм.

Санхүүгийн зохицуулах хороо нь тогтвортой санхүүгийн тогтолцоог хөгжүүлэхэд шаардлагатай бодлогын эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийтэд хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн төлөөх бодлого, үйл ажиллагааны шинэчлэл болон Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор банк бус санхүүгийн байгууллагуудад зориулсан байгаль орчин, нийгмийн хүчин зүйлтэй холбоотой эрсдэлийн удирдлагын журам боловсруулах үлгэрчилсэн зааврыг хуралдаанаар баталлаа.

УРТ ХУГАЦААНЫ ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

Хуралдаанаар “Мандал лайф” ХХК-д урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Тус компани нь Монгол Улсын урт хугацааны буюу амьдралын даатгалын зах зээлд үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрлөө авсан 2 дахь компани болж байгаагаараа онцлогтой бөгөөд одоогоос 14 жилийн өмнө буюу 2008 онд манай улсын анхны урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Нэйшнл лайф даатгал” ХХК авч байсан.

Хөгжингүй орнуудад урт хугацааны буюу амьдралын даатгалын зах зээл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувь, дунджаар 3 хувь (source: sigma 2021)-ийг эзэлдэг. Үүнээс үзэхэд манай улсын урт хугацааны даатгалын зах зээл цаашид өргөжин тэлэх орон зай их бөгөөд хувийн тэтгэврийн даатгал, амьдралын даатгал, моргэйжийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ даатгуулагчдын дунд өсөх хандлагатай байна.

БУСАД:

Зохицуулалтын салбаруудад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хүрээнд:

Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх 1,
үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд -1,
Банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх-1,
Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах-5,
Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх-2
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх-2 компанид тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэв.

Түүнчлэн банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэж, хоёр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар, нэр бүхий зургаан банк бус санхүүгийн байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэсэн юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ