Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо


Санхүүгийн зохицуулах хороо, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас хамтран зохион байгуулж буй Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг “Олон улсын санхүүгийн зах зээлд өрсөлдөхүйц, эдийн засгийг тэтгэсэн, чанартай, хүртээмжтэй санхүүгийн систем, цаашилбал цахим технологид суурилсан, уян хатан санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх цогц бодлогын шийдлүүдийг авч хэрэгжүүлэхэд эрх зүйн орчныг бүрдүүлэх, шинэчлэхэд УИХ-аас онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Тухайлбал банкны салбарын хийгээд санхүүгийн салбарын эрх зүйн орчныг үндэсний үнэт зүйл, өөрийн орны онцлогтой уялдуулан өөрчлөн шинэчлэх реформыг эхлүүлсний нэг нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. УИХ-ын нэр бүхий 5 гишүүн дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд тавдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Улмаар Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэхүү хуулийн төслийн үзэл санаа нь санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан, иргэдэд ээлтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг эрхлэх хууль эрх зүйн орчныг бий болгоход чиглэсэн” гэдгийг онцолсон юм.

Харин Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн салбар сүүлийн жилүүдэд хөгжлийн шинэ шатуудыг дамжин, богино хугацаанд технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн мэдээллийн технологи, хиймэл оюун ухаанд суурилан хөгжиж байна. Хөгжлийн энэ хурдцыг дагаад салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чөлөөт эдийн засгийг дэмжсэн олон тулгуурт санхүүгийн үйлчилгээг бий болгоход эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүн амын нийгмийн хөгжлийг хангахуйц, иргэн бүрд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх нөхцөл байдал үүсээд байна.

Санхүүгийн зохицуулах хороо хууль эрх зүйн орчныг шинэчлэх санал санаачилгын хүрээнд олон улсын донор байгууллага болох Олон улсын валютын сан, Олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг зэрэг байгууллагуудтай санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна.

Үүний нэг нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны техник туслалцааны хүрээнд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн явдал юм. Технологийн үсрэнгүй хөгжил дэвшил эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт шинэ боломж бололцоог нээж буй энэ цаг үед Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан нь салбарын эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болно” гэдгийг мөн онцоллоо.

Хэлэлцүүлгийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг хийсэн бол Европын сэргээн босголт хөгжлийн банкны олон улсын зөвлөх Артур Димас “ББСБ-ын үйл ажиллагаг системтэйгээр зохицуулах, хянах олон улсын шилдэг туршлага, санхүүгийн хүртээмжтэй байдалд ББСБ-ын ач холбогдол”, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч З.Алтанзул “Хувь хүн, ААН-үүдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд ББСБ-ын үүрэг, тулгарч буй бэрхшээл”-ийн талаар илтгэл тавьсны зэрэгцээ нийт оролцогчдын дунд хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ