![]()
Зураг (Төрийн ордон): xiquinhosilva / Wikimedia Commons, CC BY 2.0
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, П.Ганзориг, О.Саранчулуун, Б.Хэрлэн нар 10 дугаар сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүллээ.
Эрүүл мэндийн тухай хууль 2011 онд батлагдсанаас хойш нийт 31 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Үүний улмаас салбарын бодлого, зохицуулалт, хэрэгжилт хоорондын уялдаа хангалтгүй болж, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Төсөл нь 9 бүлэг, 53 зүйлтэй. Гол өөрчлөлт нь эрүүл мэндийн тогтолцоог «эмнэлэг төвтэй» загвараас «нийгмийн эрүүл мэнд төвтэй» тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлж, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих бодлогыг тэргүүлэх чиглэл болгоход чиглэж байна.
Төсөлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, эм зүйн тусламж үйлчилгээ гэсэн гурван тулгуур дээр зохион байгуулж, тэдгээрийн уялдаа, залгамж чанарыг хангах зохицуулалт тусгажээ.
Мөн эрүүл мэндийн санхүүжилтийг тогтвортой, ил тод, үр ашигтай, иргэн төвтэй болгох, улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, орон нутгийн төсөв болон бусад эх үүсвэрийг уялдуулж, иргэнийг эмчилгээний зардлаас үүдэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр заасан байна. Түүнчлэн удирдлага, хүний нөөц, эм зүй, дижитал эрүүл мэнд, мэдээллийн зохицуулалт хоорондоо уялдан хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалт орсон аж.
Төсөл санаачлагч гишүүн Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарын «малгай» хуулийн шинэчилсэн найруулгыг 15 жилийн дараа боловсруулан өргөн мэдүүлж байгааг онцолсон. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдаад хоёр жил болж байгаа ч Эрүүл мэндийн тухай хуульд нийгмийн эрүүл мэндийг дэмжих зохицуулалт бага тусгагдсан тул шинэчилсэн найруулгад энэ чиглэлийн бодлогыг тэргүүлэх болгосон гэжээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт 2011 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Ламбаа хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэн баталсныг дурдаад, иргэдийн эрүүл мэндийг өвдөхөөс урьдчилан сэргийлэх, биеийн тамир, спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох чиглэлд анхаарч, нийгмийн эрүүл мэндийг дэмжих бодлогын зохицуулалт тусгасан нь чухал гэдгийг тэмдэглэв.
скачать dle 12.0